Вакцинаас улбаатай геополитик, үндсэрхэг үзлийн эсрэг социал демократ намууд санал нэгдлээ

Дэлхийн дэвшилтэт болон социал демократ намуудыг эгнээндээ нэгтгэдэг Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 1-нд цахимаар зохион байгуулагдаж, "Ковид 19" цар тахлын үеийн дэлхий ертөнц, вакцины тэгш бус хүртээмжийн асуудлыг хэлэлцлээ. 

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд дэлхийн 140 гаруй намаас 40 намын төлөөлөл сонгогдон ажилладаг бөгөөд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар ажилладаг юм.

Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож, цар тахал хэрхэн дэлхий дахинд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгаа, түүний дотор вакцины тэгш бус хүртээмж, вакцин тойрсон геополитикийн болон улс орнуудын ашиг сонирхлын зөрчлийн улмаас гарч буй тулгамдсан асуудлын талаар үг хэллээ.  

Тэрбээр ДЭМБ-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн  Ковид-19-ын аливаа вакцины тарилгад хамрагдсан аялагчдад хилээ нээж өгөхийг улс орнуудад уриалсаар байгаа ч  зарим бүс нутаг, улс орнууд үүнийг үл тоож байгаа нь харамсалтай байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 60 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан үзүүлэлтээр Евроазийн бүс нутгийг тэргүүлж байгаа. Хэдий тийм боловч Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хийлгэсэн БНХАУ-ын Синофарм болон ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник вакцинуудыг Европын Эмийн агентлаг (EMA) хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас монголчууд Европ руу аялах, тэмцээн уралдаан, олон улсын хурал арга хэмжээнд оролцох боломжгүй байгааг дурьдав. 

Тийм учраас улс орнуудын Засгийн газар, улс төрийн намууд вакцинаас үүдэлтэй дэлхий дахины тэгш бус байдлыг багасгах, вакцинаас улбаатайгаар улс хоорондын харилцаанд гарч буй эдийн засаг, улс төрийн хориг саадын эсрэг эв санааны нэгдэлтэйгээр ажиллах нь чухал байна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцлон дурдсан юм.

Мөн энэ удаагийн хурлаас дэлхийн улс орнуудад хандан “Вакцины эв нэгдэл” хэмээх уриалгыг гаргасан байна. 

Уриалгад Ковид 19 цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн прогрессив үзэлт социал демократ намууд "Хүн бүр аюулгүй байвал л бид бүгд аюулгүй" гэсэн уриан дор санал нэгдэж байна. Цар тахал нь нийтийн сайн сайхны төлөөх эрүүл мэнд, халамжийн бодлого яагаад чухал вэ гэдгийг хүн бүр мэдрүүлж, эдгээр салбарын санхүүжилтыг нэмэгдүүлж байна. Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын дөнгөж 32 хувь нь вакцинд хамрагдаад байгаа нь дэлхий даяар “Вакцины тэгш бус байдал” бий болсныг нотолж байгаа юм. 

Үндэсний хувиа хичээх үзэл ба Умардын протекционизм нь дэлхийн вакцин үйлдвэрлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас дэлхийн социал демократ, прогрессив үзэлт намууд бид дэлхий дахинд “Вакцины эв нэгдэл”-ийг уриалж байна. Үүний тулд:

  • Вакцинд суурилсан үндсэрхэг үзлийн аюулын эсрэг дэлхийн эв нэгдэл, дэлхийн түншлэл бий болгох;
  • COVID-19 вакциныг ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл биш дэлхийн нийтийн сайн сайхны төлөөх хэрэгсэл гэж үзэх;
  • Хөгжингүй орнуудын вакцин үйлдвэрүүдтэй вакцин нийлүүлэх, вакцин үйлдвэрлэх асуудлаарх хөгжиж буй орнуудын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулах, хамтран ажиллах явдлыг дэмжих;
  • Дэлхийн хэмжээнд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, вакциныг дэлхий даяар үйлдвэрлэхэд гол саад тушаа болж байгаа патентын хориг /TRIPS waiver/-ийг зорилгод нийцсэн эсэхийг дахин үнэлэх;
  • Дэлхий даяар, ялангуяа өмнөд хэсгийн ядуу буурай орнуудын эмзэг бүлгийн хүмүүс, цар тахлынтэргүүн фронтод ажиллаж буй хүмүүс, эмнэл ажилтнуудад вакциныг хүртээмжтэй болгох;
  • Вакцин үйлдвэрлэгчид, лабораториуд бүтээгдэхүүнээ буурай орнуудад болон COVAX -хөтөлбөрт зөвхөн өртөгөөр нь борлуулах, хямд үнээр лиценз олгодог болох;
  • Дэлхий даяар вакцины экспорт, бусдад түгээх, хандивлахыг хязгаарласан бүх гэрээнээс татгалзах;
  • Эмнэлгийн судалгаа, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд зарцуулах төсвийн санхүүжилтыг нэмэх санаачилгыг дэмжих нь зүйтэй гэж дурджээ.