Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан Монфемент үндэсний сүлжээ, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан” хамтран Бодлогын цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хуулийн Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одын хамт оролцож, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалаа танилцуулсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, хуульч Д.Үүрцайх болон улс төрийн намуудын төлөөллүүд оролцож, хуулийн төслийн үзэл баримтлал, онцлох зохицуулалтуудтай танилцаж, түүнд жендэр, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар ярилцлаа.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь хууль дээдлэх зарчимд суурилсан байх, тэдгээрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын хамгийн чухал зохицуулалт бол санхүүжилт юм. Тухайлбал, улс төрийн намын санхүүжилтын талаарх зохицуулалтыг боловсронгуй болгоно. Одоогийн төрийн болон төрийн бус холимог санхүүжилтын зарчмыг хэвээр хадгалах боловч, эх үүсвэр, хэмжээ, хуваарилалт, санхүүжилтын зарчим, зарцуулалтын зориулалтыг хуульд илүү нарийвчлан тусгалаа.
Улсын төсвөөс тухайн намд олгосон санхүүжилтын 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд, 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд, ахмад, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд намын бүтцийн нэгж дэх нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад зарцуулна” хэмээн онцоллоо.
Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од: Би хуулийн концепцийг товч танилцуулъя. Дэлхий нийтийн хандлагыг харахад улс төрийн намын тухай хуулийг түгээмэл баталж хэрэглэж байна. Хоёр үе шаттай хуулийн шинэчлэл явуулсан байна. Улс төрийн намын тухай хууль хүссэн хүсээгүй шинэчлэгдэх шаардлага үүссэн.
Улс төрийн намыг “бодлогын нам” болгох үзэл санаа, зохицуулалтыг хуульд тусгасан. Намын дэргэд намын бодлого боловсруулах үйл ажиллагаанд нь зөвлөх, гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий төрөөс санхүүждэг бодлогын судалгааны хүрээлэн байхаар зааж өгсөн. Товчоор хэлбэл, нам үзэл баримтлал, үнэт зүйлдээ нийцсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг болох үүргийг хуульчилсан юм.
Намын санхүүгийн тайлангийн салшгүй хэсэг нь намын хандив байх бөгөөд хандив хүлээн авч байгаа нам тухайн хандивтай холбогдуулан тодорхой үүрэг хүлээхээр төсөлд тусгасан. Тухайлбал, хандивлагч нь хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлох үүрэг хүлээх бөгөөд бүртгэл хөтлөж, хандивлах эрхгүй этгээдээс өгсөн хандивыг буцаах, мэдэгдэх үүрэг хүлээхээр заасан.
Өөр нэг гол заалт бол улс төрийн намыг томоохон хандивлагчдын нөлөөнөөс гаргах, хувь хүн намд өндөр дүнтэй хандив өгч бодлого, шийдвэрт нөлөөлөх байдлыг хязгаарлаж, гишүүдийн бага хэмжээний татвараар санхүүжих зарчмыг хуульчилж өгсөн. Гишүүний татварын хэмжээг нам өөрөө тодорхойлох боловч гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас хэтрэхгүй, сонгуульд гишүүний сарын татварын хэмжээ нь тухайн гишүүний эрхэлж буй ажил, албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиас хэтрэхгүй байхаар зааж өгсөн.
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа: Квотын тал дээр хэд хэдэн санал байна. Үндэслэлгүйгээр иргэдийн улс төрийн намын гишүүн болох эрхийг хязгаарлахгүй байх, түүнчлэн эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон цөөнхийн оролцоог дэмжих хэрэгтэй. Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг.
Харин нийгмийн хамгийн том бүлэг болох эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай бүрдүүлээгүй парламентыг олон нийт зүй ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай” гэсэн юм.