МАН-ын Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Т.Аубакир нар сонгогджээ

БАГА ХУРЛЫН XI ХУРАЛДААНААР НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ ӨРГӨТГӨЖ, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛОВ

МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан 2 өдөр цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.

Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.

МАН-ын шинэ  даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, өмнөх үе үеийн намын дарга нартаа болон намын хамт олон, ялалтын буухиаг үргэлжлүүлэн авч ирсэн МАН-ын дарга асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, талархал илэрхийлсэн.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БИД НАМАА ТӨВХНҮҮЛЛЭЭ, ОДОО ТӨРӨӨ ТӨВХНҮҮЛЭХ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛД ХҮЧИН ЗҮТГЭНЭ

Тэрбээр МАН эрх баригч намын хувьд  хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ээ өсгөх, экспортыг дэмжсэн, эдийн засгаа тэлсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн намын шинэчлэлийг гүнзгийрүүлж, илүү бодлогын, ил тод, олон нийтийн оролцоог хангасан цахим нам болох бодлого хэрэгжүүлэхээ ч илэрхийлсэн юм.

Тэрбээр энэ үеэр “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч болж, тангараг өргөхийн өмнө та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Би МАН-тай амьдралаа холбоод, намын улс төрийн ажилтан болсноос хойш яг 30 дахь жилтэйгээ золгож байна. Тухайн үеийн МАХН-ын төв хороонд намайг Улс төрийн ажилтнаар ажилд авсан Б.Даш-Ёндон даргадаа, Н.Баганбанди даргадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ олон сайхан хүмүүсийн дэмжлэг, буянаар намын жирийн гишүүнээс Төрийн тэргүүн болж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна. 30 жилийн хугацаанд унаж, босож, тэмцэж бас ухарч ч явлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүчин бол МАН юм байна гэдгийг Монголын ард түмэн ч маш сайн ойлгодог болсон байна. Сүүлчийн хоёр удаагийн парламентын сонгуульд Монголын ард түмэн манай намд үнэмлэхүй санал өглөө. УИХ-ын хоёр удаагийн болон, Орон нутгийн сонгуульд МАН яллаа. 12 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Арваад жилийн өмнө задарч байсан МАН, МАХН нэгдэн нийлж, нэг цул боллоо. Бид ингэж намаа төвхнүүллээ, одоо төрөө төвхнүүлэх хариуцлагатай ажилд хүчин зүтгэх цаг хугацаа эхэлж байна. Ардын нам цаг үеэ дагаж шинэчлэгдэж чаддаг нам. Тийм учраас намдаа, та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Д.АМАРБАЯСГАЛАН: МАН 35 ХҮРТЭЛХ НАСНЫ ЗАЛУУЧУУДАД УЛАМ ИХ БОЛОМЖ ОЛГОХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Бага хурлын XI хуралдааны талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө “МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан. Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД УИХ-ЫН ШИНЭ ЗАЛУУ ГИШҮҮД БОЛОХ  Ц.МӨНХЦЭЦЭГ, Х.БУЛГАНТУЯА,Т.АУБАКИР НАР СОНГОГДОВ

Бага хурлын ээлжит XI хуралдааны хоёр дахь өдөр /2021.06.26/ Бага хурлын орон гарсан гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. МАН-ын Удирдах зөвлөлд УИХ-ын шинэ залуу гишүүд болох  Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа,Т.Аубакир нар сонгогдов. Мөн тэднээс гадна Удирдах зөвлөлд МАХН-аас тодорхой тооны гишүүд сонгогджээ.

МАН-ЫН ОРОН ТООНЫ ГУРВАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Н.ЭНХБААТАР, Ц.ЧУЛУУНЗАГД, Б.ТУЛГА НАРЫГ ТОМИЛЛОО

Харин МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогдов.  Ийнхүү МАН шинэ залуу лидерүүдээр удирдлагаа шинэчилж, МАХН-ын гишүүдээр хүчээ зузаатгажээ.