Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.29) нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа бөгөөд хууль санаачлагч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээгүй тул холбогдох өөрчлөлтийг тусгасан хуулийн төслийг даруй өргөн мэдүүлэх нь зүйтэй талаар санал хэлснийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгасан гэв.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийи зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зохих өөрчлөлтийг тусгах зарчмын зөрүүтэй саналыг ажлын хэсгээс гаргасан, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үөд хуулийн төслийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгтэй холбоотой санал дэмжигдсэн бөгөөд тус хэсгийг илүү нарийвчлан зохицуулж хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэдээлэл олж авах эрхийг хангах нь зүйтэй талаар санал гаргасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн аж.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.

Ц.Мөнхцэцэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийг “41.6.Хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон эрх бүхий байгууллага, эсхүл дээрх байгууллагын албан тушаалтан нь бүтээлийг энэхүү хүмүүст хүртээмжтэй хэлбэрт хөрвүүлэн хуулбарлах, хил дамнуулан солилцох, хүлээн авах, түгээх, боловсролыг дэмжих зорилгоор мэдээллийн технологийн хэрэгслээр дамжуулан номын сангийн материалыг хүртээмжтэй болгож сургалтад ашиглах, бүтээлийг хичээлийн танхимд ашиглуулах, дэлгэж үзүүлэх, бүтээлийг зайны сургалтад зориулан хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрнө” хэмээн өөрчлөн найруулж, “хүртээмжтэй хэлбэр бүхий хуулбар” гэдгийг хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүнд бүтээлийг бусдын адил чөлөөтэй, саадгүй хүлээн авахад нь зориулан бүтээсэн сонгох боломжтой төрөл, эсхүл хэлбэрт хөрвүүлсэн хуулбарыг ойлгоно гэсэн тайлбартайгаар, төслийн 41.6, 41.7 дахь хэсэг болгохыг хуралдаанд оролцсон 59 гишүүний 64.4 хувь нь дэмжсэн. Төслийн гарчгийн “нэмэлт” гэсний дараа өөрчлөлт” гэж нэмж, төсөлд “2 дугаар зүйл.Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “хянах,” гэснийг “хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх” гэж өөрчилсүгэй.” гэсэн агуулгатай 2 дугаар зүйл нэмэхийг, төслийн 2 дугаар зүйлийн дугаарыг “3 дугаар зүйл” гэж, 3 дугаар зүйлийн дугаарыг “4 дүгээр зүйл” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн олонх тус тус дэмжив. Ингээд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.