УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. 

0-3 насны хүүхдээ хардаг ээжүүдийг цалинтай ээж хөтөлбөрт хамруулдаг. Харин ийм насны хүүхдээ хардаг эцгүүдэд тэтгэмж олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар хуулийн төсөлд хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ээж нь ажилд орвол хүүхдээ харж буй аавд нь тэтгэмж олгохоор тусгажээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Судалгаа хийж үзэхэд 20 мянга гаруй эцэг 0-3 насны хүүхдээ харж байна. Долоодугаар сарын 1-нээс хүүхдээ хардаг эцгүүдэд тэтгэмж олгож эхэлнэ гэж тооцвол 6.6 тэрбум төгрөг шаардлагатай. Одоо байгаа төсөв дотроо зохицуулах боломж байгаа" гэв. 

Улмаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.