ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН 40 АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо.
Хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Пожснаб компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцсон юм.


Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэж байна.
Гал түймэр,унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс тэс, уур амьсгал,газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм.


Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх бөгөөд иж бүрэн тоноглогдсон эхний ээлжийн 40 автомашин, техник, багаж хэрэгслийг өнөөдөр хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан өглөө.
Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр,гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхээс гадна гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэж байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба