Тэрбум мод: Хаана тарих вэ, ямар урамшуулал авах вэ?

Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус ой модтой салшгүй холбоотой. Гэвч Монгол Улсад жил бүр ойролцоогоор 80 мянган га ой устаж, доройтсоор байна. Энэ нь зөвхөн ойн салбарын асуудал бус, харин экосистемийн тэнцвэр алдагдаж байгааг илтгэх үзүүлэлт юм. Уг эрсдэлийн эсрэг Монгол Улс 2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилт дэвшүүлсэн билээ.

Тэгвэл уг хөдөлгөөн зарлагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 117 сая мод тарьж, ургуулаад байна. Энэ жилийн онцлог нь зөвхөн тоонд бус, тарьсан модыг ургуулах, арчлахад илүү анхаарч буйд оршиж байгаа аж.

Энэ хаврын хувьд уг хөдөлгөөнийг “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор дөрөвдүгээр сарын 28-наас орон даяар эхлүүлээд байна.

Аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Жуковын талбай, Налайхын Соёлын төв ордны талбай, Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд зохион байгуулж байгаа аж.

Харин мод тарих нэгдсэн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянгол болон Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн, Хоймор хайрхан, Богд хаан уулын бүсүүдэд төвлөрүүлэн зохион байгуулж, иргэдийг нэгдсэн байдлаар оролцох боломжийг бүрдүүлжээ. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газруудад мод тарих боломж бүгдэд нээлттэй аж.

Ой мод нь нүүрстөрөгч шингээж, хөрсний чийгийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг чухал үүрэгтэй экосистем юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн тооцоогоор нэг га эрүүл ой жилд дунджаар 2.6 тонн нүүрстөрөгч шингээдэг.

Иймээс ойг нөхөн сэргээх, хамгаалах нь зөвхөн байгаль орчны бус, бодлогын түвшний чухал асуудал аж.

Мод таривал урамшуулал олгоно

Төрөөс иргэдийн мод тарих, арчлах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшууллын тогтолцоог 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд иргэн болон аж ахуйн нэгжүүд тарьсан модоо гурван жилийн хугацаанд тогтмол арчилж, ургуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал авах боломжтой болсон билээ. Тухайлбал, орон нутгийн онцлогоос хамааран нэг мод тутамд дунджаар 13 500 төгрөг хүртэлх дэмжлэг олгож буй. Урамшуулалд хамрагдахын тулд тарьсан модоо харьяа хороо, дүүргийн Байгаль орчны мэргэжилтэнд бүртгүүлж, гэрээ байгуулсан байх шаардлагатай аж. Ингэснээр нэгдсэн системд бүртгүүлж модоо, тогтмол хянах боломж үүсэх юм.

Мөн “Тэрбум мод” сан болон арилжааны банкнуудаар дамжуулан мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж буй. Тухайлбал, 2023–2024 онд иргэн, аж ахуйн нэгжүүд банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2.1 сая мод тарьж, ургуулжээ. Үүнээс гадна харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, мод тарьсан иргэдийг дата урамшууллаар урамшуулах санаачилгыг өнгөрсөн жил гаргасан билээ. Энэхүү урамшуулалд хамрагдахын тулд иргэд тарьсан модоо E-Mongolia системд фото зургаар баталгаажуулан бүртгүүлж, цаашид арчлан ургуулах гэрээг байгуулах аж.

Ямар модыг хаана тарих вэ

“Тэрбум мод” төслийн үр дүнг зөвхөн тарьсан модны тоогоор хэмжих боломжгүй. 2023 оны БОАЖЯ-ны тайланд дурдсанаар суулгацын дөнгөж 30 орчим хувь нь тогтвортой ургаж байгаа аж. Энэ нь мод тарихаас гадна арчилгаа, усалгааг сайжруулах шаардлагатайг харуулж буй.

Монгол орны уур амьсгал эрс тэс тул бүс нутгийн онцлогт тохирсон мод сонгох нь чухал. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн шилмүүст ой нь тухайн орчиндоо дасан зохицсон байдаг бол говь, хээрийн бүсэд ийм төрлийн мод тарих нь үр дүн багатай байдаг аж. Тухайлбал,

Хангайн бүсэд: Нарс, шинэс, гацуур зэрэг шилмүүст мод болон хус, улиас, бургас зэрэг навчит модыг тарих нь зохимжтой.

Говь, хээрийн бүсэд: Ганд тэсвэртэй хайлаас, сухай, заг, жигд зэрэг бут сөөгийг сонгох нь амьдрах чадварыг нэмэгдүүлдэг.

Хот суурин газарт: Агаар цэвэрлэх, тоос барих чадвар сайтай голт бор, монос, агч мод болон гоёл чимэглэлийн бутнуудыг тарих нь илүү үр дүнтэй байдаг байна.

Арчилгааны хувьд модыг суулгаснаас хойш эхний 3-5 жил хамгийн чухал үе. Энэ хугацаанд модны үндэс хөрсөндөө бүрэн бэхжиж, бие даан ургах чадвартай болдог. Иймд энэ үед нь тогтмол услах, хортон шавжаас хамгаалах, хөрсийг нь сийрүүлж бордох зэрэг арчилгааг тасралтгүй хийх нь цаашид модыг амьдрах чадварт нь нөлөөлдөг байна.

Эцэст нь, “Тэрбум мод” хөдөлгөөн нь зөвхөн тоо нэмэх тухай зорилт биш. Нэг мод суулгасныхаа дараа түүнийг орхилгүй, ургуулж, арчлах  тэр жижигхэн хариуцлагаас л шалтгаалах чухал хөдөлгөөн билээ.