Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал манай улсад ямар түвшинд байгааг сүүлийн өдрүүдөд болж буй сэтгэл сэртхийлгэм үйл явдлууд том томруунаар харуулж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар УИХ дээр хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах ажлыг санаачлан зохион байгуулахаар болсон талаараа өөрийн сошиал хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр, “Хүүхэд гэр сургуулийн хоорондох зам дээр л амь насаа алдаж байгаа нь үнэхээр эмгэнэл!
Сүүлийн өдрүүдэд хичээлдээ явж буй хүүхдүүд зам тээврийн ослоор амь насаа алдах, гэртээ харгалзах хүнгүй байж байгаад тагтнаас унах, хүүхэд алга болж, гэмт хэргийн золиос болох тохиолдлууд удаа дараа гарч байгаад эх хүний хувьд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн түшээгийн хувьд гүнээ харамсаж байна.
Тийм учраас хүүхэд хамгааллын асуудлаар төрийн бодлогын томхон шинэчлэл хийх тухайд УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд анхаарч ажиллана, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар УИХ дээр хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах ажлыг санаачлан зохион байгуулна.
Ер нь хүүхэд хамгаалал, тэр дундаа алга болсон хүүхдийг эрж хайх, хүүхдийн гэр, сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг улс орнууд маш нарийн хуульчилж, журамласан байдаг. Тухайлбал, хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээх насыг улс орнууд хуульчлан журамласан байдаг, ерөнхийдөө 12-13 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхийг хориглодог түгээмэл жишиг байна.
Алга болсон хүүхдийг эрж хайх тухайд тусгайлсан хуулиудтай АНУ, Канад, БНСУ зэрэг зөндөө улс байна. Алга болсон хүүхдийг эрж хайх бодлого, зохицуулалт нь маш нарийн бөгөөд хэн мэдээллийг анх өгөх, эрэн сурвалжлах үйл ажиллагааг аль байгууллага хэрхэн хийх, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад хэрхэн түгээх зэрэг бүхий л процессыг нарийн зохицуулсан байдаг байна. Ялангуяа хүүхэд алга болсноос хойшхи эхний 24 цаг хамгийн чухал бөгөөд энэ цаг үед аль нэг байгууллага, этгээд алдаа гаргахад хүүхдийг амьд олох найдвар буурдаг тул энэ хугацаанд асран хамгаалагч, цагдаа, үйлчилгээний газрууд, нийтийн тээвэр, төмөр зам гэх мэт байгууллагууд алга болсон хүүхдийн талаар хэрхэн ажиллах тухайд бүхий л журмыг БНСУ-ын “Алга болсон хүүхдийг хамгаалах, дэмжих тухай” хуульд тодорхой зааж өгчээ.
Энэ намрын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэхэд иймэрхүү нарийн зохицуулалтыг тусгаж, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд оролцох бүхий л талуудын оролцоог сайжруулах тухайд анхаарч ажиллана.
Энэ тухайд та бүхэн маань саналаа ирүүлээрэй. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг” гэжээ.