УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонсголд оролцож буй гэрчүүдэд хуулийн зүйл заалт санууллаа

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлт болон зарцуулалтын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан аж ахуй нэгжүүдийн нэг бол “Кью Эс Си” ХХК юм. Тус компанийн хувьд Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам барих төсөл хэрэгжүүлэхээр 71.3 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан юм.

Уг компанийн зээл болон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлыг Нээлттэй сонсголоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Сонсголд оролцож байгаа зарим гэрчүүд болон Хөгжлийн банкны удирдлагууд буруу, зөрүү мэдээлэл өгч байна. Хөгжлийн банкны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол бол хуулийн дагуу явуулж байгаа үйл явц. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд гэрчүүд асуултад тодорхой хариулж, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй гэдгийг сонсголд оролцож буй гэрчүүдэд дахин сануулья" гэлээ.

Мөн тэрээр "Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкнаас авсан 71.3 сая ам.долларын санхүүжилтийнхээ 29.7 сая ам.доллараар Худалдаа хөгжлийн банк дахь шугамын зээлээ хаасан, 36.5 сая ам.доллараар Улаанбаатар хотын банк дахь ам.долларынхаа дансыг зузаатгасан зэргээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан талаар нь тус компанийн удирдлагуудаас тодруулсан бол Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатаас "Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж "Кью Эс Си” ХХК-д зээл олгох шийдвэр хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан нөлөөлсөн эсэх талаар асуусан юм.