Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар хамтран санаачлан байгуулж, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа бөгөөд шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн явц, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.
Нээлттэй сонсголын үеэр “Бэрэн групп”-т олгосон зээл болон зарцуулалтын талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “2018 оны 2018-68 дугаартай зээлийн гэрээгээр 4.5 сая ам.долларыг Бэрэн групт олгох шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. Өмнөх зээлийн гэрээнд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулж “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т хүү төлөгдөөгүй байхад хугацааг сунган, улмаар зээлдэгчид давуу байдал үүссэн нэмэлт санхүүжилт олгосон “Зээлийн үйл ажиллагааны журмын 2.3.6-д “Холбогдох этгээдэд давуу байдал үүсгэхгүй байж, банкны эрх ашгийг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр тавих” Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан “Хариуцлагатай байх” заалттай нийцээгүй зэрэг олон зөрчил гарсан талаар Шинжчээчийн дүгнэлт гарсан байна. Яагаад ийнхүү хууль, журам зөрчиж Бэрэн групт удаа дараа зээл олгох болсон бэ” хэмээн “Бэрэн групп”-ийн удирдлагуудаас асуулаа.