Ард иргэд шударга ёсыг тогтоохыг шаардаж байна

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Дээд шүүхэд нэр дэвшигч Н.Батчимэг, М.Пүрэвсүрэн, Б.Ганболд нарыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гурван нэр дэвшигчээс Дээд шүүхийн шүүгч болбол хэн нэгэн эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөний нөлөөнд автахгүй шийдвэр гаргаж чадах эсэх талаар асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Монголын ард түмний хамгийн их хүсэн хүлээж буй асуудал бол нийгэм дэх шударга ёсыг бий болгох, шүүгчид тал тохой татаж хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргадаггүй хараат бус шүүхтэй болох явдал.

Тийм учраас 2021 онд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулиар Шүүгчийн хараат бус байдлыг хангах зохицуулалтуудыг хийсэн. Эдгээрийн нэг нь Шүүхийн тухай хуулийн 45-р зүйл дэх шүүгчийг албан тушаалтан, ашиг сонирхлын нөлөөнд орохоос хамгаалах зарчмын үйл ажиллагаа болох Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх зохицуулалт юм. Шүүгчийг айлгах, дарамтлах, авлига өгөх, .гүтгэх, доромжлох болон бусад байдлаар нөлөөлөх гэж оролдвол шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгээ хөтлөх ёстой.

Ер нь бол өмнөх хуулиар буюу 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, ШЕЗ-д хүргүүлээгүй шүүгчид ямар нэг хариуцлага хүлээлгэдэггүй байсны улмаас Нөлөөллийн мэдүүлгийг хэр олон шүүгч хөтөлдөг эсэх нь тодорхойгүй байсан тул бид “Шүүхийн тухай хуулийн 45.10-аар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй нь шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж зааж өгсөн.

“Оюуны-Инноваци” зэрэг судалгааны байгууллагуудын судалгаанаас харахад шүүгчид маргаан шийдвэрлэхэд нөлөөлөх оролдлоготой учирч байсан гэсэн баримт, дүгнэлтүүд нэлээд байдаг. Тийм учраас Шүүхийн тухай хуулиар шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй бол шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэхээр зааж өгсөн.

Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй Н.Баярмаа, М.Пүрэвсүрэн нар шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байсан уу? Ер нь шүүх үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн янз бүрийн оролдлого, дарамтуудтай нүүр тулж байсан уу" гэсэн юм.