ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Д.Давааг хүлээн авч уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, зоог барив.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Д.Даваа хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхэд  идэвхтэй ажиллаж, олон арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүссэн байна.

Элчин сайд  Д.Даваа ОХУ-ын ГХЯ-ны зүгээс Монгол, Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлж,  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 12-нд Москва хотноо зохион байгуулахад оросын тал өндөр ач холбогдол өгсөнд баяртай буйгаа илэрхийлэв.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам