Сонгинохайрхан дүүрэгт хорио тогтоожээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Төмөрбаатарын үхрээс малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Нийтдээ 5 үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал болон бусад холбогдох албаныхныг байлцуулан устгалд оруулжээ. Тухайн бүсээс мал амьтан гаргахгүйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, шаардагдах төсвийг дүүргийн Засаг даргын зүгээс шийдвэрлэн одоогийн байдлаар 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байгаа аж.
Харин иргэн н.Төмөрбаатар нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж байгаа юм байна.