Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах Ерөнхийлөгчийн санаалчилгын талаар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга:
"Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төслүүдэд олон нийтийн саналыг нэг сарын турш авч байхаар заасан байдаг. Иймд өнөөдрөөс эхлээд ард түмнээс санал авч эхэлж байна." гэв.
МУ-ын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа:
"Бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас гадна энэ үйлдэл маш их харгис болж байна. Хөл дээрээ зогсож чадахгүй, ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан үрсийг хүчиндэж, амь насыг нь хороох үйлдлийг бид хараад байж хэрхэвч болохгүй.
Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус шинжтэй хэдий ч бид бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдгээр хүүхдүүдэд ч гэсэн Хүний эрхийн тухай ойлголт зүй ёсоор хамаарах ёстой. Тийм учраас хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгах, бүх насаар нь хорих арга хэмжээг хуульд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэмж тусгуулах нь зөв гэдэг саналыг тавьж байгаа." гэв.