Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоотой 2005 онд “Тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг анх байгуулсан.
Тус санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид стандарт, итгэмжлэл, баталгаажуулалтын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор өнгөрөгч оны 9 дүгээр сард БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Хятадын үндэсний итгэмжлэлийн тогтолцоо (CNAS)-ны  төлөөлөгчид Стандарт хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийсэн байна. 
Ингээд 2018 оны гуравдугаар сарын 13-нд БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчооны Дэд зохицуулагч Лю Вейжун, Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон бусад төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо уулзлаа. Хоёр тал Хятад-Монголын баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарын үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл солилцсон бөгөөд СХЗГ, БНХАУ-ын Баталгаажуулалт,  итгэмжлэлийн товчоо хооронд тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, гарын үсэг зурлаа. Энэхүү ажиллагаанд хоёр талын тохирлын үнэлгээний бодлого, олон улсын хамтын ажиллагаа, баталгаажуулалт, итгэмжлэлийн газрын холбогдох төлөөлөл байлцсан юм. 
БНХАУ-ын итгэмжлэл, баталгаажуулалтыг хариуцсан товчоо (ИБХТ) нь Төрийн Зөвлөлөөс байгуулагдсан бөгөөд улс орон даяараа баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг нэгдсэн менежмент, хяналт, зохицуулалтад хамруулах Төрийн зөвлөлөөс олгосон захиргааны эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Шинэчлэн байгуулсан  санамж бичгийн хүрээнд  хоёр улсын тодорхой салбарт мөрдөгдөж буй стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг ижилтгэж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бараа бүтээгдэхүүнийг давтан тохирлын үнэлгээнд хамруулахгүй байх нөхцөл бүрдэж бизнес эрхлэх таатай орчин бий болох зэрэг олон давуу тал үүсэх юм. Ялангуяа шинэчлэн батлагдсан Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон БНХАУ-ын шинэчлэгдсэн хуулийн мэдээллээ хоёр талаас харилцан солилцох, хуульдаа нийцүүлэн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах дээр санал нэгдсэн юм. 
Түүнчлэн экспорт, импортод шууд хамааралтай Монгол Улсын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, Монгол улсын хилийн боомтод ажиллаж байгаа лабораториуд, баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг дээшлүүлэх, хилийн ойролцоох байгууллагуудын харилцааг сайжруулах зэрэг асуудлуудаар ярилцаж тохирлоо. Энэхүү шинэчлэн байгуулсан санамж бичигт тусгасан төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Засгийн газар хоорондын албан ёсны айлчлалын үеэр Засгийн газрын түвшинд батлахаар болоод байна. 
Санамж бичгийн хүрээнд дараах ажлын төлөвлөгөөг тусгасан. Тухайлбал:
1.TBT буюу худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахын тулд талууд стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох;
2.Заавал баталгаажуулах бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийх томилогдсон лаборатори, баталгаажуулалтын байгууллагын мэдээлэл, холбогдох эрх зүйн баримт бичиг, заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталоги, тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдгийн мэдээллийг талууд харилцан солилцох;
3.Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, тухайн төрлийн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл явцын журам /хилээр оруулахад тавих шаардлагын мэдээлэл/ солилцох;
4.Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх; 
5.“Нэг бүс нэг зам” ба “Талын зам” хөтөлбөрийт хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй оролцох
6.Харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх ур чадварын сорилтыг хамтран зохион байгуулах;
7.Мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах.