Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр дээр өчигдөр буюу 3-р сарын 27-ны өдөр тус хорооны иргэн Төмөрбатын гурван үхэрнээс малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар үхэрнүүдээс дээж авч шинжилгээнд явуулсан байгаа. Одоогийн байдлаар шинжилгээний баталгаажсан дүн хараахан гараагүй байгаа аж. 

Нийслэлийн мал эмнэлгийн газар, сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс, хорооны цагдаа нарын бүрэлдэхүүнтэй хяналтын пост Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хамгаалтын постыг ажиллуулж байгаа аж. Хамгаалалтын пост ажиллаж эхэлснээр голомттой хэсгээс огт хүн гаргахгүй гэдгийг хэлж байгаа юм.

Иргэн Төмөрбатын хувьд 37 үхэртэй хэд хоногийн турш малд нь сэжиг бүхий шинж тэмдэг илэрмэгц хамгийн анх дүүргийнхээ “Буян хөхий” мал эмнэлэгт дуудлага өгч хандсан байна. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард бүх малаа вакцинжуулсан гэдгээ ч хэлжээ.

Бид албаны хүмүүсээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч одоогийн байдлаар шинжилгээний дүн гарч нийслэлийн мал эмнэлгийн газраас зөвлөмж ирээгүй учраас яриа өгөх боломжгүй гэсэн юм. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хувьд нийт 198 өрхийн 7667 мал байдаг үүнээс 3511 нь үхэр юм. Дүүргийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын хэлтэс, нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг яг одоо анх шинж тэмдэг илэрсэн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нэгдүгээр хэсэгт нарийвчилсан судалгаа авахаар ажиллаж байна. Ингэснээр яг аль хэсгийг голомтын бүс, аль хэсгийг сэжигтэй бүс гэж зааглах вэ гэдгийг тогтоох юм байна. Мөн ойр орчмын бүх айлуудаар явж үхэр гахай гэх мэт салаа туурайт малаас шинжилгээ авч байгаа аж.

Шинжилгээний хариу маргааш өглөө гэхэд гарна гэнэ. Хэрэв малын гоц халдварт шүлхий өвчин мөн гэдэг нь батлагдвал яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоон шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг албаныхан мэдэгдлээ.  Бид энэ тухай мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.