Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтаар нийт 136 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 725 зөрчил илрүүлж, 120 зөрчил буюу 16.5 хувийг газар дээр нь арилгуулан, бусад томоохон хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 58, мэдэгдэл 44, танилцуулга 4, дүгнэлт 6-г бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллалаа.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн нийт 4 субъектыг 800.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож, барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулж, тухайн байгууллагын ажилтан, иргэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангууллаа.
Батлагдсан удирдамжийн хүрээнд нийт 24 байгууллагын 84650 хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион явуулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар байгууллагуудын удирдлага, албан тушаалтан нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах талаар анхааруулж, мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласан.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР