НЦГ-ын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяа
"Энэ гэмт хэргийг Монгол улсад түр оршин суугаа ОХУ-ын иргэн Л гэгч өөрийн нөхөр болон өөр хоёр этгээдтэй бүлэглэн үйлдсэн байгаа. ОХУ-ын улсаас түр оршин суугаа энэ иргэн Монгол улсын шүүхээр өмнө нь хулгайн гэмт хэргээр нэг удаа ял шийтгэгдэж одоо хар тамхины болон халаасны хулгайн гэмт хэргээр 2 жилийн хугацаатай ял хойшилсон байгаа" гэлээ.
Монгол улсад түр оршин суугаа Л гэгч нь 1990 онд төрсөн урд нь хулгайлах төрлийн гэмт хэргээр шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан бөгөөд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна. Түүнчлэн энэ 4 этгээд хосын харилцаатай бөгөөд бүлэглэн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Тэд 2018 оны 03-р сарын 16-ны өдөр СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр 30 минут зогсохдоо л иргэдийн 13 гар утасыг хулгайлсан гэж мэдүүлсэн нь эд мөрийн баримтаар тогтоогджээ. Тэд эхнэр, нөхрүүд бөгөөд хулгайлсан гар утсаа ченжүүдэд "тушаадаг" байсан аж. Цагдаагийн алба хаагчид үүрэн телефоны компаниудтай хамтран тэдний хулгайлсан гар утаснуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ.
Бусдын гар утсыг удаа дараа хулгайлсан ОХУ-ын иргэн Л болон Монгол Улсын иргэн Б, М, О нарыг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.