Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна.
“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.
ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг тэргүүлэгчид хүлээн авчээ. Мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ч чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг ирэх тавдугаар сард хуралдуулахаар тогтсон байна.
Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж буйгаа хурлын үеэр илэрхийлсэн аж.