Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Б.Батболд нар зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг. Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарц төдийгүй дулааны шугам, цэвэр усны шугам мөн 40 мянгатын орчимд цэвэр усны шугамыг 60-70 жилийн насжилттай ширмэн шугамуудыг Австри улсын шинэ технологиор доторлох зэрэг ажлууд хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Хязгаарлалт хийх хоёр санал байгаа. Маргаашнаас эхлээд иргэдээсээ санал авна. Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжлэх ч түгжрэл их байна байх. Цаашид түгжрэлийг сааруулах чиглэлээр хотын 20 уулзварыг гүүрэн гарцтай болгоно" гэлээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра: "Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 2.5 жил үргэжлэх байсан ч бид хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж, 1.6 жилд багтаан дуусгахаар ТЭЗҮ-г боловсруулаад байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орохоор нарны замын хөдөлгөөн шууд явна, төмөр замын хөдөлгөөн авто замын хөдөлгөөнийг зогсоохоо болино. Зам хааж бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барихаар төлөвлөсөн" гэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр: “Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна. Бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм” гэлээ.