“ХОГГҮЙ ХАН-УУЛ” аян эхлүүллээ

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд урин хаврыг угтан “Хоггүй Хан-Уул 2018” аяныг эхлүүллээ.

Хоёр сарын хугацаанд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах юм.

Энэ жилийн тухайд  “Хоггүй Хан-Уул” аяныг 14-р хороо, Өлзийт хорооллоос эхлүүлж барилгын материалын хаягдал, малын сэг зэмийн овоолго бүхий үүсмэл хогийг цэвэрлэснээр эхэллээ. 14-р хорооны нутаг дэвсгэрийг үүсмэл хог хаягдлаас салгахад хог ухах, ачих, түрэх зориулалт бүхий нийт 15 автомашин, техник хэрэгслийг ашигласан бөгөөд цаашид малын сэг зэмийг ил задгай хаяж буй малчид болон аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд анхаарч ажиллах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, иргэд оролцлоо.

Аяны үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нийслэлд ирсэн гадна, дотны зочдыг хамгийн эхэнд угтдаг Хан-Уулчууд “Хоггүй Хан-Уул” аяныг 2 дахь жилдээ амжилттай эхлүүллээ. Энэхүү аяныг дүүргийн маань иргэд дэмжиж маш идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 365 аж ахуйн нэгж “Хоггүй Хан-Уул” аянд сайн дураараа оролцож, орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн аяны хүрээнд 29 цэцэрлэг, 18 сургуулийн сурагчдад хогийг ангилан ялгах тухай сургалт хийсэн. “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилтын хүрээнд “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй Хороо” зэрэг аянуудыг зохион байгуулж тодорхой үр дүнгүүд гарч байна. Тиймээс “Хоггүй Хан-Уул” аянд дүүргийнхээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалъя” хэмээн албан ёсоор нээлээ.

2017 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 49 үүсмэл хогийн цэгийг “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд цэвэрлэж, барилгын хаягдал материалыг дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар, зөвшөөрөлгүй хаясан барилгын компаниудад хариуцлага тооцож ажилласан. Энэ жилийн тухайд  ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хур хогыг ачиж тээвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллахаар төлөвлөөд байна.

“Хоггүй Хан-Уул 2018” аяны үйл ажиллагааг дэмжиж дүүрэгт байрлах аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийг идэвхитэй оролцоцгооё. Хан-Уул дүүрэг Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэх болно.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ