Эрчим хүчний хэмнэлт хийж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэх арга хэмжээнд нэгдэхийг уриалж байна.
Маргааш буюу энэ сарын 24-ний өдөр “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, “Зориг сан”, ”Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол улсад 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг зохион байгуулна. Эрчим хүчний хэмнэлт хийж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд амьд хөгжмийн хамтлагууд, бүжигчид, “Universebest songs”-ийн залуу дуучид, “АСА” циркийн жүжигчид оролцох юм байна.
Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 19:30-21:30 цаг хүртэл зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болно.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар