Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан.
Уг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тайланг танилцуулсны дараа санал дүгнэлтээ байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Ингэхдээ “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг удирдамж төлөвлөгөөний дагуу ажиллаж дараах санал дүгнэлтийг гаргаж байна.
Үүнд,
НЭГ. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр;
- Биеийн тамир спортын салбарыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрийн төсөл боловсруулж улсын их хурлаар хэлэлцүүлэх,
- Спорт шинжлэх ухааныг хөгжүүлэхээр төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлого биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж спортын анагаах эрдэм шинжилгээний төвийн спортын шинжлэх ухааны судалгаа шинжилгээ туршилтын ажлын төв болгох,
- Эрдэмтэн судлаачид нэн шаардлагатай олон улсын стандартыг хангасан судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангаж эрдмийн ажилд ашиглах боломжийг бүрдүүлэх түүнчлэн эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлийг олон улсын түвшинд эргэлтэд оруулах ажилд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.12-т магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн спортоор хичээллэх үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан зохицуулалтыг сэргээх асуудлыг судлах,
- Тамирчны ёс зүй сахилгын зөрчил гаргасан тохиолдолд төрөөс олгож байгаа санхүүгийн дэмжлэг урамшууллыг түдгэлзүүлэх, зогсоох асуудлыг биеийн тамир спортын салбарын холбогдох журамд тусгах,
- Тамирчны ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах шаардлагатай байна.
ХОЁР. Төсөв санхүүжилт хөрөнгө оруулалтын чиглэлээр;
- Биеийн тамир спортын салбарын улсын төсвийн санхүүжилтийг үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлж орон нутгийн биеийн тамир спортын байгууллагын үйл ажиллагааг иргэд рүү чиглүүлэх,
- Иргэдэд үзүүлэх биеийн тамир спортын ажил үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,
- Спортын шинжлэх ухаан технологи инновацийг нэвтрүүлж иргэдийн бие бялдарын түвшинг сайжруулсан ажлын үр дүнгээр санхүүжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээг эрчимжүүлж, шаардлагатай санхүүжилтээр улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх,
- Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвт өртөг магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажиж нэмэгдсэн санхүүжих дүн нь бага дүнтэй батлагдсан болон санхүүжилт огт батлагдаагүй спортын салбарын зарим төсөл арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг Монгол Улсын 2022-2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгаж ашиглалтад бүрэн оруулах,
- Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2010 оноос хойш он дамжин хэрэгжиж байгаа зарим дүүргүүдийн спорт цогцолборын төсөл арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд тусгаж ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулах,
- Биеийн тамир спортын салбарын улсын төсвийн санхүүжилтийг үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх асуудлыг 2022 оноос үе шаттай хэрэгжүүлэх спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг хүний нөөц тоног төхөөрөмжөөр бэхжүүлэх,
- Спортын холбоо орон нутагт байгаа өсвөрийн шигшээ багт хүрч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай төсвийг жил бүр тусгах,
ГУРАВ. Бусад асуудлын талаар;
- Биеийн тамир спортын салбарын байгууллагын өмчид байсан газар барилга байгууламжийн маргааныг шийдвэрлэж төрийн өмчид буцаан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэх,
- Олон улсын стандартад нийцүүлэн биеийн тамир спортын хос мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог бий болгох,
- Биеийн тамирын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг биеийн тамирын багш нарын саналыг үндэслэн боловсруулж төрөлжсөн сургалтыг спортын тодорхой нөхцөлөөр явуулах хэрэгцээ шаардлагыг тусгах өсвөр үе залуучуудын бие бялдарын боловсролыг сайжруулахад анхаарч ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн болон биеийн тамирын дээд сургуулийн багш дасгалжуулагч арга зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох суралцагчдын спортын секц дугуйланд хамран суралцуулах бололцоог бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг болно” хэмээв.