Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.
Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд эхний ээлжийн 21 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, олон улсын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирснийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцлон тэмдэглэв.