Тамирчны ёс зүйн дүрмийг шинэчилж, ёс зүйн алдаа зөрчил гаргасан тамирчинд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох чиглэл өглөө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахалж ажилласан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг БСШУСБХ-ны хуралдаанаар хэлэлцлээ. Тайланг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Тэрбээр “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт боловсруулж, тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох чиглэлээр ажилласан” хэмээн онцлов.

Хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Уг тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов.

Тухайлбал,

  • Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд биеийн тамир, спортын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийтийн биеийн тамир, спортын талаар шинэ зорилтуудыг тусгаж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын асуудлыг холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх;
  • “Парис-2024” зуны Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Биеийн тамир спортын тухай хуулинд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж буй тамирчны ёс зүйн дүрмийг шинэчилж ёс зүйн алдаа зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох;
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.12-т “магадлын итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ”-ний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан зохицуулалтыг сэргээх асуудлыг судлах;
  • Биеийн тамир спортын тухай хуулинд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж буй тамирчны ёс зүйн дүрмийг шинэчилж ёс зүйн алдаа зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох;
  • биеийн тамир, спортын салбарын төрийн өмчлөлд байсан газар, барилга байгууламжийг төрийн өмчид буцаан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэх;
  • бүх шатны боловсролын сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагчдыг спортын секц, дугуйланд хамран суралцуулах бололцоог бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Олимп, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад олгож буй шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох, тамирчны сахилга хариуцлага, нийгэмд үлгэрлэх байдалтай нь уялдуулж олгох байдлаар өөрчлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.