УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс тодрууллаа.
- УИХ-ын намрын чуулганы дунд үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийг өргөн барихаар зэхэж байна. Та ажлын хэсгийн ахалж байгаа. Уг орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг ахалж байна. Хуулийн төсөл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд улсын хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг бодлогын нам болох ёстой. Мөн дотоод бүтэц ардчилсан, санхүүжилт ил тод болно. Хуулийн дагуу төсвөөс үзүүлж байгаа санхүүжилтийн зарцуулалтыг нарийн зааж өгч байгаа.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төрийн тогтолцооны зохицуулах гол хуулиудаас хамгийн хоцрогдсон хууль бол Улс төрийн намын тухай хууль юм.
Өөрөөр хэлбэл, 2005 онд батлагдсан хууль өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Энэ хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагаад зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай. Манай улсад улс төрийн намууд болон хуульд ажиллаж байгаа төслийн дэд ажлын хэсгийнхэн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, тэр дундаа төсөвт суулгаж байгаа санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой хувь заан зохицуулж өгөхийг заасан.
Тухайлбал, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн 30 орчим хувийг иргэдийн тодорхой сонирхлын бүлгүүдэд зарцуулна. Мөн 20-25 орчим хувийг улс төрийн нам болон иргэдийн улс төрийн боловсрол, гишүүдийн улс төрийн боловсролд зарцуулах байдлаар зохицуулж байна.
Хоёрдугаарт, улс төрийн нам бодлогын нам болох ёстой. Тиймээс зөвхөн сонгуульд зориулсан гэдэг юм уу цаг зуурын шинжтэй эсвэл тодорхой нэг хүн, компанийн мэдлийн байгаа тогтолцоог өөрчилнө. Намууд урт хугацааны одлогын хөтөлбөртэй, энэ нь үндэсний хөгжлийн цогц бодлогод нийцсэн байх ёстой. намууд бодлогын хөтөлбөрүүдээ ХЭҮК болон Жендерийн үндэсний хорооны дүгнэлт зөвлөмжөөр үндэслэдэг болно. Намууд бодлогын нам болохын тулд намын дэргэд бодлого судалгааны төв ажиллана. Тухайн хүрээлэн нь намд зөвлөмж өгөх, бодлогын хөтөлбөрт чиглэл өгөх, гишүүдийнхээ улс төрийн боловсролыг хариуцан ажиллана.
-Хүний эрхийг дээдэлсэн нам болох зохицуулалт оруулж байгаа гэсэн. Энэ талаар ярьж өгөхгүй юу?
-Намын дотоод бодлого, үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлгүүдийн тэгш оролцоог хангахаар оруулж ирж байгаа. Намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд нэр дэвшүүлэх, үүнийг квотоор хуульчилна. Мөн тухайн улс төрийн намууд нийгмийн цөөнхийн төлөөллийг нэр дэвшүүлсэн тохиолдолд төрөөс нэмэлт санхүүгийн дэмжлэг олгохоор хуульчилж байна. Ингэж байж нийгэм дэх цөөнхийн эрх ашгийг төрийн бодлогод тусгуулах, уг асуудлыг намын тухай хуулиар зохицуулна.
-Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын талаар өмнө нь нэлээд ярьж ирсэн. Санхүүжилтийг төсвөөс олгосноос ил тод байдалд яаж нөлөөлж чадах юм бэ. Тайлан төдий өнгөрдөг байх вий гэдэг болгоомжлол бий?
-Одоо үйлчилж байгаа хуулиар улс төрийн намуудад хоёр янзаар урамшуулал өгдөг. Төсвөөс олгож байгаа хэсэгчилсэн санхүүжилтийн зарцуулалт болон тайлан дээр тавих хяналт тааруу. Аудит оруулна гэсэн бүрхэг заалт бий. Гэхдээ олон улсын жишгээр улс төрийн намын санхүүжилтийн төсвийн бүх санхүүжилт ил тод байдаг. Тухайн тайлан мэдүүлэх хугацаа, ямар заалт оруулах, мөнгөн үлдэгдэл, өөрийн орлого болон бусад үйл ажиллагаанаас олсон орлого, гишүүдийн татвар, хандив зэрэг бүх мэдээлэл ил тод байдаг. Тиймээс энэ хуулийн гол агуулга санхүүжилт ил тод байя. Хоёрдугаарт, улс төрийн нам дотооддоо аудитын болон санхүүгийн нэгжтэй байх. Тухайн нэгж тухайн намын санхүүгийн үйл ажиллагаанд жилд хоёр удаа аудит хийлгэж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх зохицуулалт хийж байна.
-Санхүүжилтийн тайлангаа худал мэдээлбэл ямар хариуцлага хүлээх вэ?
-Улс төрийн намын үйл ажиллагаа, төсвөөс олгодог хэсэгчилсэн санхүүжилтийн тайлангуудыг жил бүр хоёр удаа тайлагнах ёстой. Хэрэв тухайн намын тайлан дотор ямар нэг алдаатай, буруу мэдээлсэн зүйл байвал тухайн намд олгож байгаа төсвийн санхүүжилтийг хязгаарлах, зогсоох санкц оруулсан байгаа. Хэрэв энэ үйлдэл 2-3 удаа давтагдвал тухайн намыг тараах зохицуулалт тусгасан.
Мөн улсын хэмжээнд нийт сонгогчдын 1-3 хүртэлх хувийн дэмжлэг авсан тохиолдолд тухайн намд УИХ-д суудал авсан эсэхээс үл хамааран тодорхой хэмжээний дэмжлэг өгөхөөр хуульчилж байгаа. Улс төрийн институцийн хувьд төлөвших ёстой шүү дээ. Цаг зуурын шинжтэй нам байхаас илүү улс орны хэмжээний бодлогод оролцдог, сонгуульд тогтмол оролцдог, нийгмийн өмнө тодорхой үүргүүдийг хүлээлгэхийн тулд намуудыг дэмжих заалт оруулж өгсөн.
-Тухайлбал, ямар үүрэг хүлээх юм бэ?
-Улс төрийн нам тодорхой үүрэг хүлээх талаар Улс төрийн намын тухай хуульд тодорхой тусгаж өгнө. Жишээ нь, улс төрийн хариуцлага хүлээх чадвар бүхий иргэдийг бэлтгэх, төр иргэдийн хооронд байнгын идэвхтэй холбоо үүсгэх, нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөллийг тэгш хангах, санхүүжилт болон улс төрийн сонгуульд тогтмол ил тод байдлаар оролцож төрийн бодлогод дуу хоолойгоо өргөх, иргэдийн үзэл бодол эрх ашгийг илэрхийлэх зэрэг үүргийг улс төрийн намд оноож байгаа.
Эх сурвалж: 24tsag.mn Б.Лхам