Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Вакцинжуулалтын арга хэмжээнд зориулж бага хүүтэй, урт хугацаатай зээл авах гэж байгааг дэмжиж байна.
Гэхдээ вакцинтай холбоотой дэлхий дахины улс төрийн нөхцөл байдлыг сайн үнэлж дүгнэж улс төрийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэдгийг хэлье.
Дэлхий дахинд вакцин тойрсон геополитик, үндсэрхэг үзлийн томоохон тэмцэл явагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн социал демократ намуудын байгууллага болох Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн хурал болж цар тахал хэрхэн дэлхий дахинд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгаа, түүний дотор вакцины тэгш бус хүртээмж, вакцин тойрсон геополитикийн болон улс орнуудын ашиг сонирхлын зөрчлийн улмаас гарч буй тулгамдсан асуудлын талаар хэлэлцсэн.
ДЭМБ-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн Ковид-19-ын аливаа вакцины тарилгад хамрагдсан аялагчдад хилээ нээж өгөхийг улс орнуудад уриалсаар байгаа ч зарим бүс нутаг, улс орнууд үүнийг үл тоож байгаа нь харамсалтай байна.
Энэ хүнд цаг үед Монгол Улсын хүн амын 65 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан үзүүлэлтээр Евроазийн бүс нутагт тэргүүлж байгаа нь сайшаалтай үзүүлэлт юм. Хэдий тийм боловч Монгол Улсын хүн амын ихэнх хувь нь хийлгэсэн БНХАУ-ын Синофарм болон ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник вакцинуудыг Европын Эмийн агентлаг (EMA) хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас монголчууд Европ руу аялах, тэмцээн уралдаан, олон улсын хурал арга хэмжээнд оролцох боломжгүй байгаад байна.
Тиймээс улс орнуудын Засгийн газар, улс төрийн намууд вакцинаас үүдэлтэй дэлхий дахины тэгш бус байдлыг багасгах, вакцинаас улбаатайгаар улс хоорондын харилцаанд гарч буй эдийн засаг, улс төрийн хориг саадын эсрэг эв санааны нэгдэлтэйгээр ажиллах, улс төрийн мэдрэмжтэй ажиллах нь чухал байна” хэмээн онцлов.
Ингээд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.