Хотын дарга “НАУРЫЗ 2018” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Нарны баяр буюу Наурызын  баяр нь  дэлхий нойрноос сэрж, өдөр шөнө тэнцэн, хүн төрөлхтөн уламжлалаа дээдлэн, байгаль дэлхийгээ шүтэн  билэгшээдгийг илтгэхийн зэрэгцээ   залуу, хойч үедээ өв соёл, хүндлэл бахархлыг өвлүүлэн үлдээдгээрээ  онцлог юм.  Тиймээс ч  Нийслэлийн удирдлагын  зүгээс  Казах түмний өв соёлтой салшгүй холбоотой “Бүргэдийн баяр”-ыг  Улаанбаатар хотноо зохион байгуулдаг уламжлал тогтоож  байна. 

Баян өлгий аймгаас  шилдэг бүргэдчид ирж, энэхүү  наадамд оролцохын зэрэгцээ  6000 жилийн түүхтэй бүргэдээр ан хийх  үйлийг  олон улсад сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашдаа ч энэ наадам улам өргөжинө гэдэгт хотын даргын хувьд итгэлтэй  байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт өөрчлөлтийн бүхий л цаг үед  ажилч хичээнгүй, авьяас билэгт, зорьсондоо тууштай  казах иргэдийн маань оруулсан хувь нэмэр их.  Өнөөдөр ч   нийслэл хотын маань  9 дүүрэгт,   салбар бүрт  казах түмэн маань үр бүтээл арвинтай ажиллаж, амьдарч байна.  Тэр дундаа  Налайх дүүрэгт  казах иргэд илүү олноор суурьшин амьдарч  байдгийг та бүхэн мэднэ.

Иймд Нийслэлийн удирдлагын зүгээс Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, уурхайтай аж амьдралаа холбосон, түүхийг бүтээлцсэн казах иргэдээ дэмжсэн бодлого баримтлан ажилладаг гэдгийг дуулгая. Эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн бүтээл хувь нэмрээ оруулж байгаа нийт казах иргэддээ золгон ирж буй Наурызын хаврын баярааа элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан угтаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ургах нарыг угтан тосч, аялгуут домбороо хөглөж, айлчин гийчнээ баясган, дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэн, ураг төрлөөрөө баясан суугаа казах түмний маань золбоо хийморь, хүсэл эрмэлзэл зоригт бүргэдийн дэвэлт адил дээшилж байхыг хүсье” хэмээлээ.

2010 оны хоёрдугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. 

Эх суралж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс