Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн албан ёсны http://consul.mn/hvisa.php цахим хуудастаа гаргалаа.

Н2 ангиллын визийн хөтөлбөр нь Монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Одоогоор АНУ-ын ажил олгогч, зуучлагчтай гэрээ хийсэн Монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй юм. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниуд тодорсон тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.

Олон нийтэд анхааруулахад “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна, зөвлөгөө өгнө” гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл гарсаар байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.