Сангийн сайд асан С.Баярцогт сүүлийн үед олны анхаарлыг татаж буй өөрөө мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт миний талаар Ройтерс агентлагаар гарсан. Тэр мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн байсан. Мөн манай нам дээр энэ асуудалтай холбогдуулж, тодорхой хэмжээний шийдвэр гаргаад намын гишүүнчлэлээс хаслаа.
Энэ бүх асуудлууд Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбогдсон учраас энэ дагуу тайлбар өгөх шаардлагатай гэж үзлээ.
Оюутолгой төсөл бол 70-100 жилийн настай үнэхээр том төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүс ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд 9 дэх жилдээ хэрэгжиж байна.
Нэг зүйлд би баяртай байгаа. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад байгаа. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Данс Швейцарьт байсан учраас эргэлзээг тайлах боломж гарч байна.
Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг. Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.
Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан.
Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, харилцагч талын хүсэл сонирхол бүхий асуудал олон бий. Бид бүгд бодох хэрэгтэй.
Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улстөрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн. Миний хажууд нэг ч сайд байгаагүй.
Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан. 1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.
Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн.
Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй.
Харин тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний данс байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон.
....Оюутолгойн гэрээ үнэхээр шударга, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг би харуулахгүй, Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх ёстой." хэмээн ярилаа.