Засгийн газрын хуралдаанаас албан ёсоор товлогдоогүй байхад энэ сарын 18-ны өдөр "Дүнжингарав" хурдан морины уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдаж уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурав нь хүнд бэртэл авсан талаар холбогдох төрийн байгууллага мэдээлсэн билээ.
Олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй эл асуудлаар М.Энхболд өөрийн олон нийтийн сүлжээ дэх албан ёсны хаягтай ийнхүү бичжээ.
Тэрбээр "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.
Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэжээ.