Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр буюу энэ сарын 18-нд хурдан морины Дүнжингарав уралдаан болсон билээ. Гэтэл уг уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааны тов болон болох газрыг Засгийн газраас албан ёсоор тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан ч энэ жилийн хувьд ямар нэгэн тов гаргаагүй байсан аж. Гэтэл Монголын Морин спорт уяачдын холбооноос уг уралдааныг зохион байгуулсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд "Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр болсон хаврын бүсийн Дүнжингарав морин уралдаанд очиж нийтийн хэв журмыг сахиж ажиллалаа. Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан.
Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллагын зүгээс урлаг, спортын арга хэмжээг хориглох хуулийн заалт байхгүй. Хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных байв. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, 23 автомашинтайгаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэсэн" гэв.
Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 28-нд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон билээ.