Сэцэнгоо эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч С.Мөнхзултай ярилцлаа.
-Сэцэнгоо эмнэлгийн хувьд 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Тантай ярилцлага хийхээр хүлээж байх хооронд үйлчлүүлэгчид ихтэй, нэлээд ачаалалтай байгаа харагдлаа. Ер нь охид, бүсгүйчүүдийн хувьд ямар эмчилгээ, үйлчилгээ авахаар танай эмнэлэгт хандаж байна вэ?
Манай эмнэлэг 2001 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш охид, бүсгүйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.Тухайлбал, жирэмсний үеийн хяналт, үзлэг, зөвлөгөө, эмчилгээ, бага аарцагны хөндийн эрхтний үрэвсэлүүд түүн дотроо өндгөвч, гуурсан хоолой, умайн доторх салстын үрэвсэл, үтрээний үрэвслүүд зэргийг оношилж, эмчилдэг. Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин болон бактерын гаралтай үрэвслүүд ихэсч байна. Шинж тэмдэггүй бэлгийн замын халдварууд ч их байна. Ялангуяа тэмбүүгийн халдвар авсан охид, эмэгтэйчүүд их эмчлүүлж байна. Бэлгийн замын халдвараас үүссэн архаг үрэвслүүдийг оношилж, эмчилж байна.
-Бэлгийн замын халдвар болон тэмбүүгийн халдвар авсан эмэгтэйчүүд их байна гэлээ. Тэдний хувьд өөрийгөө ийм халдвар авсан гэдгээ мэдээд эмнэлэгт хандаж байна уу эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр тэр нь оношлогдож байна уу?
-Яг урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхээр орж ирдэг эмэгтэйчүүд ховор шүү дээ. 40 гаруй насныхан эмэгтэйчүүдийн хувьд эсийн шинжилгээ өгөхөөр сайн дураараа ирж байна. Халдвар авсан эмэгтэйчүүдийн хувьд гол төлөв ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрсэн үедээ л мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа юм. Зарим нь мэргэжилийн эмчид хандахгүйгээр өвчнөө эдгээх гэж янз бүрийн эмэгтэйчүүдийн лаа, эм, тариа хэрэглээд өвчнөө улам архагшуулдаг, хамгийн муу нь дур мэдэн мэргэжилийн бус хүний зөвлөгөөний дагуу буруу эсвэл дутуу эмчилгээ дур мэдэн хийснээс эмчилгээ, эмэнд дасалтай өвчний үүсгэгч үүсэж өвчний эдгэрэлтийг улам удаашруулдаг хамгийн аюултай байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байдаг. Нөгөө хэсэг нь өвчин улам хүндэрч өвдөлт өгөөд хурцадсан үед эмнэлэгт ханддаг.
-Улсын эмнэлгүүдэд бэлгийн замын халдварт өвчнүүдийг оношилж, эмчилдэг байх. Танайд ирж үйлчлүүлж байгаа бүсгүйчүүд улсын эмнэлгээс эмчилгээ, үйлчилгээ авсан байдаг уу?
-Тийм хэдий ч олонхи нь дүүргийн эмнэлгээр явах сонирхолгүй байгаа нь дугаарлалт, хувь хүний нууцлалт зэргээс болж ихэвчлэн хувийн эмнэлэгт ханддаг тал ажиглагддаг.
-Та түрүүн ямар ч шинж тэмдэггүй тэмбүүгийн өвчлөл их байна гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?
Тэмбүүгийн халдвар авснаасаа хойш нууц хугацаандаа буюу 14 хоногоос 3 сарын хугацаа цаашлаад 6 сар ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрэхгүй байх үе бий. Биеийн эсэргүүцэл сайтай ч юм уу зарим тохиолдолд тэмбүүгийн халдвар авсны дараа бэлэг эрхтэн дээр нь яр, шарх гараад удалгүй зүгээр болох тохиолдол байдаг. Иймэрхүү тохиолдолд тухайн хүн өөрийгөө халдвар авснаа мэддэх өндөрдөг. Энэ нь санамсаргүй байдлаар, тэр тусмаа сүүлийн үед солонгос улсад ажиллахаар явах үед цусны шинжилгээ өгсөнөөр тэмбүүгийн халдвар авсан нь их илэрч байна. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварын шинж тэмдэг тодорхой бус байдлаар эсвэл их өөрчлөгддөг болсон. Мөн хоёр ба түүнээс дээш халдвар хавсарч халварлаж байгаатай холбоотой.
-Тэмбүүгийн халдвар авсан эмэгтэйчүүд өвчнөө эмчлүүлэхгүй удах нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Тэмбүү урагт дамждаг халдвар. Эхсийн хоригийг нэвтрээд урагт халдварлах нь хамгийн аюутай байдаг. Эмчлэхгүй явахад цаашлаад мэдрэлийн тэмбүү болон бүх эрхтэн системийн тэмбүү болж хүндэрдэг үр дагавар ихтэй өвчин. Тэмбүү эмчлэгдэхгүй өвчин биш, бүрэн эмчлэгдэж, халдвар тараагүй болдог ч насан туршдаа уг өвчнөөр өвчилж байсан гэж шинжилгээнд илэрч байдаг өвчин. Гол нь өөрийгөө тэмбүүгийн халдвар авсан гэдгээ мэдэхгүй явсаар хүндрүүлж байна.
Зөвхөн бэлгийн замаар дамжих халдвараас гадна бактер болон мөөгөнцөрөөр үүсгэгдсэн үрэвсэлийг тоохгүй өнгөрч болохгүйгээр их архаг үрэвсэл үүсгэдэг.
-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн охид, бүсгүйчүүдийн бараг дийлэнх хувь нь үрэвсэлтэй, мөөгөнцөртэй байна гэцгээх юм. Тэр тухайгаа “Үзүүлсэн чинь намайг ямар нэгэн халдварт өвчингүй, зүгээр л үрэвсэлтэй гэсэн, эсвэл мөөгөнцөртэй гэсэн” гэх зэргээр ярьдаг. Бүсгүйчүүд үнэхээр толгой дараалан нөхөн үржихүйн эрхтэндээ ямар нэгэн үрэвсэлтэй байгаад байна уу?
-Энэ бол яах аргагүй чухал асуудал. Яг таны хэлж байгаа шиг охид, бүсгүйчүүд бэлгийн замын халдварт өвчнийг л ноцтой хүлээж авахаас биш бактерын гаралтай үрэвсэлт өвчнийг нэг их тоодоггүй, эмчлүүлдэггүй архагшуулдаг. Нөхөн үржихүйн эрхтэнд үрэвсэл л байгаа бол тэрийгээ нэн яаралтай эмчлүүлж, илааршуулах хэрэгтэй. Мөөгөнцөрийн халдварыг ч гэсэн ялгаагүй эмчлүүлж байх ёстой. Дан ганц мөөгөнцөр байх нь ховор, ихэвчлэн цаанаа өөр нэгэн хавсарсан өвчний шалтгаантай л байдаг.
-Ер нь манайхан ам дамжсан яриагаар янз бүрийн эм, тан хэрэглэж өөрийгөө эмчлэх гэж оролдох нь түгээмэл байдаг. Ийм шинж тэмдэгт ийм эм сайн, тийм зовиурт тэр лаа сайн гэх мэтээр бие биедээ их зөвлөж буй харагддаг. Эмч хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ бол маш буруу. Янз бүрийн эм, лаа хэрэглэж байгаад өвчнөө бүр хүндрүүлэх тохиолдол их байдаг. Эмэгтэйчүүдийн лаа ч бас эм шүү дээ. Хүний биед орж буй хэлбэр нь л өөр өөр болохоос. Яг тухайн өвчин, эмгэгт нь тохирсон, батлагдсан эмчилгээг л хийх ёстой. Өвчин, үүсгэгч бүрт нь тохирсон эмэгтэйчүүдийн лаа, эм, тариа сонгогддог учир дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Эмч бид нар ч хүртэл хүнийнхээ өвчний үе шат, үүсгэгчид нь тохирсон эмчилгээг бодож байж сонгодог.
Зарим өвчний үед 7 хоног эмчлүүлээд л эдгэх ёстой атал эдгэхгүй их уддаг. Бараг тууштай эмчилгээ хийлгээд 1 жилийн дараа эдгэх тохиолдол ч бий. Энэ нь өвчнөө эхэн үед нь биш хүндрүүлсэн үедээ эмч, эмнэлгийн байгууллагад хандаж байгаатай холбоотой. Охид, бүсгүйчүүд маань үүн дээр онцгойлон анхаарах ёстой.
-Охид бүсгүйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа бэлгийн замаар дамжих ямар халдварт өвчнүүд байна вэ?
-Трихомонад, заг хүйтэн, хламид.., сүүлийн жилүүдэд уроплазм, граднилиоз, вирусийн халдварууд их байна. Манай эмнэлэгт бэлгийн замаар дамжих халдвар гэж оношлогдсон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь заг хүйтэн, трихомонадын халдвар байдаг. Үүсгэгчээсээ шалтгаалан янз бүрийн өнгө, үнэртэй ялгадастай байдгаар өвөрмөц. Бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэг ирсэнээс хойш дунд болон сарын тэмдэг ирэхийн өмнөх үед үтрээнээс бага зэргийн цайвар ялгадас гардаг. Түүнээс биш байнгын доошоо ялгадас гарна гэж байхгүй. Байнга гардаг бол хэвийн биш л гэсэн үг.
-Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл байнга хэрэглэдэг бүсгүйчүүд байдаг. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй вэ?
-Өөрийгөө их цэвэрхэн, цэвэрч болохоороо байнгийн өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг гэж ярьдаг, боддог бүсгүйчүүд олон байдаг. Гэтэл тэр чинь цэвэрхэндээ биш, доошоо юм гардаг болохоор л хэрэглэх шаардлагатай байна гэсэн үг шүү дээ. Өдөр тутмын хэрэглэл хэрэглэхгүй үед дотуур хувцас нь бохирдоод байгаа бол ямар нэгэн үрэвсэлт өвчин, үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар байгаад байна л гэсэн үг. Энийг сайн ойлгох хэрэгтэй.
-Үтрээнээс ялгадас гарч л байгаа бол үзүүлэх шаардлагатай юу?
-Зарим тохиолдолд бэлгийн замын халдварууд архагшиж, даамжирсан үед үтрээнээс шинжилгээ авахад үүсгэгч гарахгүй өнгөрдөг тал бий. Өөрөөр хэлбэл, үтрээнд байсан үрэвсэл даамжраад умай, гуурсан хоолой цаашлаад бага аарцгийн эрхтэн тэр чигээрээ үрэвсэл, идээт үрэвсэл болох аюултай байдаг тул үзүүлж онош тодруулах ёстой. Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл байнга салахгүй дагаад байвал нөхөртэйгөө, бэлгийн хавтагчтайгаа үзлэгт хамруулж, хамт эмчлүүлбэл илүү үр дүнтэй байдаг. Заавал бэлгийн замаар дамжих халдварын үед цуг эмчлүүлэх ёстой. Бактерийн үрэвслийн үед ч эхнэртэйгээ үзүүлж, эмчлүүлж сурах хэрэгтэй.
-Ер нь бүсгүйчүүд хэдий хугацааны давтамжтай үзлэг, шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй вэ?
-Гэр бүлийн тогтвортой амьдралтай бол жилдээ нэг удаа цусны шинжилгээ, хагас жилд нэг удаа мазокийн шинжилгээг өгч байх нь зүйтэй. Харин эрсдэлтэй бүлгийн ажил хийдэг хүмүүс /цустай ойр ажилладаг ч юм уу.../ гурван сардаа нэг өгч байвал зүгээр.
-Зарим хүүхнүүд үрэвслээ эмчлүүлээд эмчлүүлээд дарагдахгүй байна гэх нь бий. Энэ нь юутай холбоотой вэ?
-Тийм хүмүүс байна аа. Ийм тохиолдолд нөхөртэйгээ хамт шинжилгээнд орж, цуг эмчлүүлэх хэрэгтэй. Нөхөртэйгөө эмчлүүлэхгүй бол үр дүн бага байдаг. Гэхдээ тухайн хүний биеийн эсэргүүцэлээс өвчин үүсэх нь шалтгаалдаг тал бий.
-Эрэгтэй хүн бэлгийн замын үрэвсэлт өвчинд хэр өртөмтгий байдаг вэ?
-Эр бэлэг эрхтнийхээ анатомын бүтцээс шалтгаалаад үрэвсэлт өвчнөөр өвдөх нь харьцангуй бага байдаг. Гэвч бэлгийн замаар дамжих халдварын хурц үед шинж тэмдэг тодорхой илэрч байгаад архагшаад ирэхээр шинж тэмдэг илрэхгүй зөвхөн халдвар тээгч буюу халдвар тараагч болж өөрөө архаг үрэвсэлтэй болдог. Энэ нь шинжилгээнд үүсгэгч илрэхгүй мөртөө архаг үрэвсэлээр байнга өвчилж хүндрэлүүд үүсэж явна гэсэн үг шүү дээ.
-Эмэгтэйчүүдийн эмнэлэг эрэгтэй хүнийг үзэж, эмчилгээ хийх үү?
-Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнийг эмчлэхийн тулд хүүхнүүдээ заавал нөхрүүдтэй нь эмчилж байж эмчилгээний үр дүн гардаг учир цуг эмчлүүлнэ.
-Бэлгийн замын халдварт өвчний курс эмчилгээ хэдий хэр хугацаанд үргэлжилдэг вэ?
Халдвар авсан бол эмчлүүлснээсээ хойш гурван сарын дараа дахин хяналтын шинжилгээ өгөх ёстой. Курс эмчилгээ дууссаны дараа 7 хоногоос дээш хугацаа өнгөрсөний дараа эмчилгээ үр дүн тооцох шинжилгээ өгдөг. Ер нь давтан халдвар авахгүй нэг жилийн турш хяналтанд байж гүйцэт эдгэрсэн гэж тооцно.Тогтсон хугацаандаа шинжилгээгээ өгч, тэр хугацаандаа дахин халдвар авахгүй байх тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. 7-14 хоног эмчилгээ хийгээд явуулахад 2 сарын дараа дахин өөр халдвар аваад ирэх тохиодол бий. Ер нь оюутнуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар их байна. Тогтсон бэлгийн амьдралгүй, тохиолдолын бэлгийн харьцаанд ордог хүмүүсийн хувьд хүндрэл нь гэр бүл болсны дараа илрэх нь элбэг. Хамгийн наад зах нь л жирэмслэхгүй байх, ураг өсөлтгүй болох, зулбах, ураг амьгүй болох, савны гадуурх жирэмслэлт зэрэг хүндрэлүүд гарч ирдэг. Үүний хамгийн гол шалтгаан нь нөгөө л бэлгийн замаар дамжих байдаг. Бас өөр бусад дагалдах шалтгаанууд ч байгаа. Тийм учраас охид бүсгүйчүүд маань өөрийн эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулж чадвал жилд хоёр удаа чадахгүй бол нэг удаа мэргэжилийн эмчид хандаж үзлэг, зөвлөгөө авч байгаарай.
Холбоо барих утас: 99780066
Цахим хаяг: http://setsengoo.mn/
Facebook хаяг: https://www.facebook.com/setsengoo.mn/
Сэтгүүлч: Д.Ариунаа