Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран хяналт, шалгалт явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжийг хэрэгжүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тус шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулна. Шалгалтын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар