Энэ онд НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнээр 38,000 хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг захиалж, 35,000 хүн/тунг хүлээж аваад байгаа билээ. Тэгвэл үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авах юм байна.
Одоогоор нийслэлийн бүх дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхлээд байгаа. Энэ дархлаажуулалтанд нийт 600 орчим нярай хамрагдсан байна. Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг дөрвөн сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд хийж байгаа юм.
Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох аж.
Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг бол манай улс НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнээр буюу 3,5 ам.доллараар худалдан авч байна.