Паралимпийн өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйл арга хэмжээний үеэр элчин сайд Б.Ганболд олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Б.Ганболд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдах юм. Манай тамирчин Б.Ганболд нь Олон Улсын Паралимпийн хорооноос 2018 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23-р байр 74.04 оноогоор эрэмблэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин билээ.
Паралимпийн өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг зургаан төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.