Ц.Мөнхцэцэг: Ашиг хонжоо хайж намд элсдэг байдлыг хална

Манай улс 2005 онд Улстөрийн намын тухай хуультай болсон. Энэ хуульд намууд нь санхүүжилтээ ил тод тайлагнана гэх зэрэг хэд хэдэн заалт байдаг ч хариуцлагын заалт байхгүй, тунхаглалын шинж чанартай байсаар өдийг хүрчээ.

МАН, АН гэсэн хоёр намаас бусад нь зөвхөн сонгуулийн үеэр “амь ордог”, бүх намын санхүүжилт тодорхойгүй, ил тод тайлагнадаггүй зэрэг олон асуудалтай. Харин энэ намрын чуулганаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахлан ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

  • Дээд шүүхэд бүртгэлтэй намын тоо: 35
  • Өмнөх хууль: 2005 онд батлагдсан

-Улс төрийн намын тухай хуулийн төслийн үндсэн зарчим нь юу вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг даган гарах улстөрийн тогтолцооны гол хуулиудын нэг нь Улс төрийн намын тухай хууль юм. Товчоор хэлвэл, нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллана, Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 1 хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн хөрөнгө оруулалт, зарцуулалт нь ил байна гэсэн үндсэн зарчимтай. Парламентын засаглалтай орнуудад намын гүйцэтгэх үүрэг, хариуцлага өндөр байдаг. Тиймээс намуудад энэ хуулиар үүрэг, хариуцлага ноогдуулсан. Улс төрийн намын чиглэлээр судалгаа хийж ирсэн эрдэмтний хувьд УИХ-д Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулан, ажлын хэсгийг ахлан ажилласандаа баяртай байгаа.

-Онцлох ямар өөрчлөлтүүд байгаа вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 40 гаруй улстөрийн нам байгуулагдаж, үүнээс 10 гаруй нь татан буугдсан байдаг. Эдгээр нь сонгуулийн бус үед идэвхгүй, хэн нэгэн хүний нам байх, эсвэл компанийн эзэмшлийн байх зэргээр оршиж ирсэн. Иргэдийн хувьд улстөрийн намд итгэх итгэл суларсан энэ үед Үндсэн хуулиар хариуцлагатай, үүрэг гүйцэтгэдэг, санхүүжилтээ тайлагнадаг, дотоод ардчилсан бүтэцтэй хөгжих боломжийг олгож буй нь сайшаалтай.

Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь улстөрийн намыг бодлогын нам болгон төлөвшүүлэх, намын санхүүжилт, түүнд тавих хяналтыг хүчтэй болгох, намын бүтэц дотоод ардчилсан байдал, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна зэрэг шинэчлэлүүд орж байна. Одоо байгаа хуулиар улстөрийн намд ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Тэгвэл шинэчилсэн найруулгаар улстөрийн намд тодорхой үүргүүдийг хүлээлгэж байна. Тухайлбал, ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, олон нийтийн санаа бодол төлөвшихөд нөлөөлөх, төр иргэдийн хооронд идэвхтэй холбож ажиллах, иргэдийн улстөрийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн тэгш оролцоог хангах, төрийн албанд ажиллах чадвартай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн, шударгаар оролцоно зэргээр заасан.

УЛС, ОРОН НУТГИЙН ТЕНДЭРТ ОРОЛЦСОН ЭТГЭЭД ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД НАМД ХАНДИВ ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО

-Намуудын санхүүгийн ил тод бус байдал хамгийн их шүүмжлэл хүлээдэг. 2005 оны Улстөрийн намын тухай хуульд намуудыг санхүүгээ ил тод тайлагнана, аудитаар шалгуулна зэрэг заалт бий. Гэхдээ ингэж ажилладаг нам байхгүй. Шинэ төсөлд хариуцлагын тогтолцоог хэрхэн оруулж өгсөн бэ?

-2005 оны хуулийн хамгийн тунхгийн шинж чанартай, бодит амьдрал дээр хэрэгждэггүй заалт нь энэ санхүүжилттэй холбоотой хэсэгт бий. Тухайлбал, нам хандивынхаа талаар нийтэд мэдээлнэ гэж заасан. Гэтэл мэдээлэхгүй бол яах вэ гэдэг хариуцлагын заалт нь байхгүй. Тиймээс өнөөг хүртэл улстөрийн намууд хувийн байгууллагаар аудит хийлгэдэг ч түүнийгээ олон нийтэд мэдээлдэггүй.

Шинэчилсэн найруулга дээр намын санхүүжилтийг шилэн болгох, тайлангаа олон нийтэд хэрхэн мэдээлэх тал дээр шинэ заалтуудыг оруулсан. Намын гишүүдийн татвар хэрхэн бүрдэх, хандив ямар замаар цуглах, ямар нь хандив өргөж болох, болохгүй байх, төрөөс олгосон санхүүжилтийг тэтгэлгийг эргэж хэрхэн тайлагнах зэргийг маш нарийн заагаад өгчихсөн.

-Жишээлбэл?

-МУ-ын иргэн жилд нэг удаа аль нэг намд хандив өгч болно. Өгөхдөө иргэний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хэтрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн 5 сая төгрөг дотор, аж ахуйн нэгж 20 сая төгрөг дотор л хандив өргөнө. Нам нь хандивын бүх мэдээллийг ил болгоно.

Нам төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, нэр хаяггүй этгээд зэргээс хандив авахыг хориглоно.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцсон иргэн болон хуулийн этгээд, тухайн тендэрийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглоно гэж заасан. Энэ нь төрөөс зарлагдаж байгаа тендэр худалдан авалтад оролцохын тулд эсвэл дараа нь шан харамж болгон хандив өгөхийг хориглож байгаа гэсэн үг. Хандив өгч байгаа иргэнийг хандив өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлно. Хэрэв хандив өгөх эрхгүй этгээдээс хандив авсан бол түүнийг улсын орлого болгоно. Хандивлагчийн нэр хаяг, бүртгэл хөтөлж, тайландаа хавсаргана.

-Хэрэв санхүүгийн тайлангаа мэдээлэхгүй бол яах вэ?

-Нам бол үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тодорхой хугацаанд жил бүр сонгуулийн төв байгууллагат гаргаж өгнө. Энэ тайлан дээр үндэслэн төрөөс олгож байгаа санхүүжилтийг зориулалтын байдлаар зарцуулж байгаа эсэхэд хяналт тавина. Хэрэв тайлангаа буруу, дутуу, хугацаандаа мэдүүлээгүй бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох болон торгуулийн бусад арга хэмжээг авна. Ихэнх орнуудын хувьд намд олгодог төрийн санхүүжилтэд хатуу хяналт тавьдаг.

УИХ-Д СУУДАЛ АВААГҮЙ Ч 25 МЯНГААС ДЭЭШ ХҮНИЙ САНАЛ АВБАЛ ТӨРӨӨС НЭГ УДАА САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

-Гишүүдийн татварыг хэрхэн заасан бэ?

-Нам гишүүдийнхээ татвараар санхүүжиж болохоор заасан. Гэхдээ дотоод сонгуульдаа гишүүдээсээ дэнчин хөрөнгө, барьцаа авахыг хориглосон. Гишүүний сарын татварын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Сонгуульт гишүүний хувьд сарын татвар нь тухайн хүний авч буй цалингийн 5 хувиас хэтрэхгүй байна. Ихэнх намуудын сонгуульт албан тушаалууд хэдэн сая төгрөгөөр хэмжигддэг. Үүний улмаас намдаа өндөр татвар төлсөн хувь хүн, бизнесмен намаас нэр дэвших давуу байдал олж авдгийг энэ хуулиар хязгаарласан.

-Эдийн засгийн хувьд чадавх муутай эмэгтэйчүүдийн хувьд том боломж олгох нь дээ.

-Нам бол гарааны тэгш байдлыг хангах ёстой. Хөрөнгө мөнгөтэй этгээд илүү жин дарахгүй гэдэг агуулгаар шинэ төсөл хийгдсэн.

-Одоо үйлчилж байгаа хуулиар зөвхөн УИХ-д суудалтай намуудад төрийн санхүүжилт олгодог. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дараа суудал авсан намуудад нэг саналыг мянган төгрөгөөр үнэлж, санхүүжилтийг олгодог. Энэ цаашид хэвээр үргэлжлэх үү?

-Улстөрийн намуудын хувьд гарааны тэгш байдлыг олгож, намуудыг чадавхжуулахын тулд УИХ-ын сонгуулиар суудал аваагүй ч, тухайн сонгуулиар нийт сонгогчдын 1 хувиас доошгүй санал авсан намд улсын төсвөөс хүчинтэй санал тутмыг тооцож, мөнгөн дүнгээр урамшуулал олгоно гэж заасан.

Нийт сонгогчдын нэг хувь гэдэг бол 25 мянган сонгогчийн санал авсан гэсэн үг. 2020 онд гэхэд улстөрийн таван нам нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн санал авсан байдаг.

Тухайн нам сонгогчдын бодлогын хувьд дэмжлэг хүлээж, түүнийг төрөөс санхүүжүүлнэ гэдэг нь намуудыг дэмжих, чадавхжих, мөрийн хөтөлбөрөө сайжруулах, бодлогын өрсөлдөөнд орох боломжийг нэмэгдүүлэх юм.

-Энэ хууль нь нэгэнт хүчирхэгжсэн МАН-ын хувьд эмзэглэхээр хуулийн төсөл биш байх. Бусад намын хувьд тэр татвар, дэнчин зэрэг нь бас дотоод үйл ажиллагаанд нь хэт оролцсон заалтууд биш үү. Жишээ нь АН бол дэнчингээрээ дотоод сонгуулиа явуулдаг, өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг нам шүү дээ.

-Намуудын санхүүжилтийн өнөөдрийн бүтцийг судлаад үзэхэд манай намууд гишүүдийнхээ татварыг хангалттай цуглуулж чаддаггүй юм байна. Жишээ нь, МАН, АН аль аль нь адилхан. Тухайн нам гишүүдээсээ татвараа сайн төвлөрүүлээд, бага дүнтэй олон хүний санхүүжилтээр босговол цөөн хэдэн хөрөнгө мөнгөтэй хүний нөлөөнөөс ангижрах бүрэн боломжтой. Олон улсад энэ байдлыг дэмжихийн тулд тухайн намын гишүүдийн татварын хэмжээтэй дүйцүүлэн төрөөс санхүүжилт олгодог.

НАМЫГ ГАНЦХАН ТОХИОЛДОЛД ТАТАН БУУЛГАНА

-Гишүүдийн татвар гэснээс намын хатуу гишүүнчлэлийг хэрхэн зохицуулсан бэ?

-Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд намын гишүүнийг хоёр байдлаар зааж өгсөн. Нэгдүгээрт, намын гишүүн буюу тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж, гишүүнээр элссэн иргэн. Бодлогын бүх үйл ажиллагаанд оролцож, дотоод сонгуульд оролцоно. Энэ гишүүн татвараа заавал төлөх буюу татварын хэмжээг дээр хэлсэнчлэн хуулинд заасан. Хоёрдугаарт, тухайн намыг дэмжиж, намын үйл ажиллагаанд оролцдог, гэхдээ татвар төлдөггүй “дэмжигч гишүүн”.

Монгол Улсын иргэн хэд хэдэн намын дэмжигч байж болно. Тухайн дэмжигч гишүүн нь намын дотоод үйл ажиллагаанд саналын эрхгүйгээр оролцоно.

Ингэснээр татвар төлөлтийг урамшуулах, намын гишүүдээс авах татварыг нэмэх, нам нь олон иргэдийн санхүүжилтээр босох зарчим биелнэ. Мөн намын хатуу гишүүнчлэлийг зөөлрүүлж, сонголт өгч байгаа хэрэг юм. Дэмжигч гишүүнээс татвар төлж, гишүүний ангилалд шилжин орох боломжтой. Мөн сонгуульт гишүүн байна. Энэ гишүүний татварыг бага хэмжээгээр тогтоож байгаа.

-Намуудыг ямар тохиолдолд татан буулгах вэ?

-Олон улсын байгууллагуудын гол зарчмуудаар намыг татан буулгахыг маш онцгой тохиолдолд зөвшөөрнө. Хуулийн төсөлдөө олон улсын конвенци, зөвлөмжүүдийг харгалзан үзээд намыг ганцхан тохиолдолд татан буулгана гэж заасан. Энэ нь 

“Намын эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, терроризм үйлдэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нацист буюу фашист нам болсон тохиолдолд” гэж заасан.

Үүнээс бусад тохиолдолд татан буулгахгүй. Яагаад гэвэл нам гэдэг бол Үндсэн хуульд заасан иргэдийн нэгдэн нийлэх эрхийг хангасан субъект юм.

-Бодлогын нам байх гэж та ярьлаа. Гадны намууд судалгааны хүрээлэнгүүдийг дэргэдээ ажиллуулдаг. Гэтэл манайд тийм зүйл байхгүй.

-Аливаа нам нь зөвхөн сонгуульд зориулан ажилладаг байдлыг таслан зогсоож, үндэсний хэмжээний эрх ашгийг илэрхийлсэн, бодлогын нам байх ёстой. Тиймээс энэ хуулийн гол концепц нь нам бодлогынх байх ёстой гэж байгаа.

Намын мөрийн хөтөлбөр үзэл баримтлал, үнэт зүйл нь олон улсын гэрээ конвенц, МУ-ын Үндсэн хуульд нийцсэн, түүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхтай, бодлогын судалгаа хийдэг байх ёстой.

Тиймээс намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэн ажиллуулна гэдгийг зааж өгсөн. Тухайн намд олгож байгаа төрийн санхүүжилтийн тодорхой хувийг энэ хүрээлэнд зарцуулах ёстой. Энэ хүрээлэн нь тинк танк маягаар ажиллана. Мөн иргэд, гишүүд, дэмжигчид рүү чиглэсэн сургалт, мэдээллийг тогтмол явуулна. Цөөнхийн тэгш оролцоог хэрхэн хангах вэ гэдгийг энэ хүрээлэн мөн хангаж ажиллана.

-Ийм хүрээлэнгүй нам байвал яах вэ?

-Хуулийн дагуу байгуулна.

-Та бас Үндэсний хэмжээний бодлогын нам байна гэж дурьдлаа. Зөвхөн хотын асуудал эсвэл эмэгтэйчүүдийн ч юм уу тийм хязгаарлагдмал бодлоготой нам байж болохгүй гэсэн үг үү?

-Үндсэн хуульд “Нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гээд заачихсан. Тэгэхээр улс төрийн нам бол нийт ард түмний эрх ашгийг төлөөлсөн, намын үйл ажиллагаа бодлого нь нийт Монгол Улсын эрх ашгийн төлөө байна гэж байгаа юм. Нам л байгаа цагт энэ зарчмыг баримтална.

-Энэ нь гадны улс орнуудад байдаг туршлага уу? Нам гэдэг иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж буй нэг хэлбэр. Үндсэн хуульд мөн тэгж заасан. Гэтэл ямар байдлаар эвлэлдэн нэгдэхийг нь заана гэдэг иргэдийн үйл ажиллагаанд төрөөс хэт оролцож байгаа хэлбэр биш гэж үү?

-Намын үйл ажиллагааг зохицуулдаг олон улсын зарчмаар нам бол олон нийтийн эрх ашгийн субъект буюу намын үйл ажиллагаа нь нийт улс орны хэмжээний нийтлэг эрх ашгийг төлөөлнө гэсэн үндсэн зарчимтай байдаг. Явцуу эрх ашгийг төлөөлөх нь ховор. Тиймээс нам байгаа тохиолдолд нийтлэг эрх ашгийг илэрхийлэх ёстой гэдгийг Үндсэн хуулийн 19.1-ээр тогтоож өгсөн. Тэр хүрээнд ажиллаж байна. Харин Герман зэрэг зарим оронд цахим хөгжил, эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаг жижиг намууд байгуулагдаж байсан. Гэвч цаг хугацааны хувьд хоёроос гурван сонгуулийн дараа иргэдийн дэмжлэг хүлээхгүй учир аяндаа тардаг жишээтэй. Тиймээс нийтлэг эрх ашиг илэрхийлсэн намууд сонгуульд дэмжлэг авдаг жишигтэй.

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ДҮГНЭЛТ ГАРГАНА

-Намын үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн цөөнхийг хамруулах, карьер ахиулах боломжийг энэ хуульд хэрхэн зааж өгсөн бэ?

-Өнөөдөр бол зөвхөн аудитын шинжилгээ хийж, санхүүгийн хувьд мөрийн хөтөлбөр нь боломжтой байна уу гэдгийг л шалгадаг шүү дээ. Шинэ хуулийн төслийн нэг гол шинэчлэлт бол намын үйл ажиллагаанд хүний эрхийг хангах тусгай бүлэг оруулж байгаа. Нам эмэгтэйчүүд, ХБИ зэрэг бүлгийн тэгш оролцоог хангана, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой зэргийг заасан. Эдгээрийг хангахын тулд сонгуулиар намын мөрийн хөтөлбөрт Хүний эрхийн Үндэсний комисс дүгнэлт гаргаж, өгөхөөр тусгасан. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл, жендэрийн эрх тэгш байдлыг хангахуйц байна уу зэрэг дээр дүгнэлт гаргана. “Тухайн намын мөрийн хөтөлбөр ийм заалтуудыг хангахгүй гэж үзлээ” гэж ХЭҮК дүгнэлт гаргавал тухайн нам мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилж оролцоно. Мөн намын дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад жендэрийн тэгш төлөөллийг харгалзана. Хувь хүнийг бүх төрлөөр ялгаварлан гадуурхахгүй байна гэдэг заалттай.

Улстөрийн намд олгож байгаа төрийн санхүүжилтийн 20-25 хувийг эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд зэрэг нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангахад зориулна.

-Өнөөдрийн байдлаар намуудын дунд тэгш бус байдал хэт их болсон. МАН гэхэд хоёр сонгууль дараалан төрийн эрх барьсан тул санхүү болоод үйл ажиллагааны хувьд хүчирхэгжсэн. Хоёр намаас бусад нь үйл ажиллагаагаа явуулдаг зэрэг. Цаашид энэ байдлыг яах нь зөв бэ. Нэгэнт хүчирхэгжсэн нам үйл ажиллагаа явуулах нь зөв үү, эсвэл намуудын олноороо өрсөлдөн хамтдаа урагшлах нь зөв үү?

-Манай улс сонгуулиа мажоритар системээр явуулдаг. Энэ системийн үр дүн нь хоёр эсвэл хоёр дээр нэмэх 1 гэсэн тогтолцооны хэв маягийг бүрдүүлдэг. Энэ нөхцөлд бусад нам сонгуулиар ганц нэгхэн суудал авдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн тогтолцоотой хамаатай. Сонгогчдын саналыг гээгдүүлдэг энэ системээс татгалзаж, пропорциональ юм уу, холимог тогтолцоог нэвтрүүлэх нь зөв гэж хувьдаа боддог. Шинэ хуулиар сонгуульд суудал аваагүй ч түүнийг төрийн санхүүжилтээр дэмжих нь яваандаа тухайн нам чадавхжих суурийг бий болгоно.

СОНГУУЛИАР УХУУЛАГЧИД ЦАЛИН, ТӨЛБӨРТЭЙ АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОНО

-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн бууруулах вэ?

-Энэ асуудал ажлын хэсэг дээр хүчтэй яригдаж байна. Монголын сонгууль хөрөнгө мөнгөний уралдаан болчихоод байна. Энэ нь эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуусын хувьд том бэрхшээл болсон. Тиймээс сонгуулийн нийт үнийн дүнг багасгах, төлөөлөл нь дутуу бүлгүүдэд мөнгөн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн зүйл яригдаж байна.

-Намууд сонгуулиар фэйсбүүкт маш их мөнгө зарцуулдаг. Тайлангаа гаргахдаа дотоодынхоо хэвлэлд зарцуулсан хэдийг л тайлагнадаг. Энэ байдлыг яаж зохицуулсан бэ?

-Улстөрийн намын санхүүжилтийг ил тод, хувийн болон бизнсеийн бүлэг, далд санхүүжилтээс ангижруулах нь энэ хуулийн гол зорилго. Үүний нэг нь сонгуулийн санхүүжилт. Сонгуулийн санхүүжилтийг тухайн тойрог, сонгуульд зарцуулах дээд хэмжээг тогтоогоод, бусад хэсгийг тухайн намын өөрийн дотоод зохицуулалтад орхисон байдаг. Сүүлийн дөрвөн удаагийн сонгуульд сошиал сүлжээний нөлөө асар их байна. Гэтэл одоо үйлчилж байгаа сонгуулийн болон улстөрийн намын тухай хуулиар зохицуулалт багатай. Сошиалын төлбөртэй постуудыг хэрхэн зохицуулах талаар бид маш их судалж, фэйсбүүктэй холбогдож байна. Фэйсбүүкт өөрийн зохицуулалт ч бий.

Тиймээс бид сонгуулийн санхүүжилтэд цахим орчинд төлж байгаа мөнгөн урсгалыг хяналт тавих зохицуулалтыг оруулна.

Ингэж хяналт тавихгүй бол их мөнгөтэй этгээдийн нөлөө сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх, нэр дэвшигчдийн хувьд гарааны тэгш бус байдлыг бий болгож байгаа юм.

-Сонгуулиар хэн хөрөнгөтэй нь бас том хэмжээний зарлалын самбар нааж, олон ухуулагч ажиллуулдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Сонгуулийн сурталчилгааны материалыг ижил хэмжээ, стандарт, ижил орон зайд тавьдаг. Ингэж байж бид бага мөнгө зарцуулна. Мөн намаас ажиллуулдаг ухуулагчийг татан буулгах нь зөв гэдэг дээр байр суурь нэгдэж байгаа. Тухайн тойргийн нийт иргэдийн тоон дээр үндэслэн ухуулагчийн тоог зааж өгдөг. Ингээд ухуулагч намаас цалин авч ажилладаг. Гэтэл олон улсын практикаар ухуулагч бол сайн дурынх байдаг. Тиймээс хөрөнгө мөнгө, цалинтайгаар ухуулагч ажиллуулахыг хориглоно. Өнөөдөр богино хугацаанд, их мөнгөн дүнгээр, олон нийтэд танил болсон нам ба нэр дэвшигч сонгогдох боломжийг олгосон. Сурталчилгааны 14 хоногийн хугацаанд шинэ болон бусад нэр дэвшигч танигдах боломжгүй. Тиймээс энэ хугацааг сунгаж, аажим стратеги рүү шилжүүлэх ажлыг хийнэ.

-Эцэст нь энэ ажлын хэсэг судалгааг хэр их хийсэн бэ?

-Улстөрийн намын тухай хуулийн төсөл нь гурван парламент дамжсан. Энэ бүх хугацаанд миний бие судлаачдын ажлын хэсгээ ахалж ажиллаж ирсэн. Арав гаруй жил дамнан явж байгаа энэ хуулийн төсөлд судалгаанууд, холбогдох тоо баримтууд их сайн хийгдсэн. Э.Гэрэлт-Од, Л.Төр-Од, Д.Энхцэцэг, О.Мөнхсайхан зэрэг хуульч, эрдэмтэд ажиллаж байгаа. Бидний хувьд Германы улстөрийн намын загварыг голлон баримталсан. Мөн бидэнтэй гараа нэгтэй пост коммунист орнуудын хуулийг маш их судалсан. Үндсэндээ 120 гаруй орны улс орны улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуулиудыг судалж байж энэ төслийг бичлээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: MPRESS.MN