Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар цахим хэлэлцүүлэг хийлээ

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын цахим семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уг хуулийг тайлбарлан таниулах, хуулийг даган гарах дүрэм, журмын төслийг танилцуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нараар хэлэлцүүлж тэдний санал, бодлыг тусгах нь энэхүү семинарын зорилго юм.

Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөс зохион байгуулж байгаа цахим семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар удирдан явуулах бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжилж, бүх аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарыг хамруулжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг даган гарах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах тухай, Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай, Хурлын Зөвлөлийн ажиллах журам, Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм зэрэг нийт 14 дүрэм, журмын төслийг Улсын Их Хурал, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан мөрдүүлэх тул дүрэм, журмын төслийг  орон нутгаар хэлэлцүүлж, санал авах ажлыг цаашид ч зохион  байуулах юм байна.