Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Засаглалаа чадавхижуулаагүй цагт ямар ч сайн бодлого, зорилт үр дүнд хүрэхгүй. Иймээс юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд УИХ-д Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Т.Доржханд, С.Одонтуяа, Б.Энхбаяр нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Авлигын эсрэг бүлэг байгуулагдан ажиллаж байнгаа юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа өөр нэг чухал асуудал бол улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилт болоод байна. Улс төрийн нам, бизнес, төр хоорондын зүй бус нөлөөллийн зам мөрийг засаж байгаа гол хүчин зүйл нь намын санхүүжилттэй холбогдож байгааг хүлээн зөвшөөрч, таслан зогсоох шаардлагатай байна. Төрийн байгууллагын төсөв ил тод болсны адилаар намуудын төсөв санхүүжилт ил тод, шилэн болох цаг нь болжээ. Энэ чиглэлээр Ц.Мөнхцэцэг нарын гишүүд хуулийн төсөл боловсруулж, намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байгаа. Гишүүд энэ чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай” гэсэн юм.
Түүнчлэн энэ удаагийн чуулганаар боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Үүнд Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай, Боловсролын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж буй.
Эдгээр хуулийн Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар баталж, ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдээр Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Т.Энхтүвшин нар ажиллахаар болжээ.
УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэгийн хувьд өнгөрсөн чуулганаар хамгийн олон хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлачаар ажилласан бол энэ удаагийн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон Судалгааны их сургуулийн хуулийн төслийн Ажлын хэсгийг ахлах ажиллах юм байна.