Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
 
Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар боллоо.
Мөн “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа. 
Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, бусад туршилтын материал худалдан авах ажлыг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад даалгалаа.
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах, улсын тусгай хэрэгцээний газарт авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй гэлээ.
  
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна

Улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилсөн 0-17 хүртлэх насны 69,796 хүүхэд байгаа нь нийт тохиолдлын 19 хувийг эзэлж байна. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл нь өндөр байна гэж Улсын онцгой комисс танилцуулав.
Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 101 сургуулийн 146 багш, 54 ажилтан, 418 хүүхэд, 99  цэцэрлэгийн 99 багш, 108 ажилтан, 65 хүүхэд халдвар авч, хоёр сургууль цахимд шилжсэн байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг нэмэлт гуравдугаар тунд 297.620 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс дээш насны иргэдийг нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж буй бөгөөд хамрагдсан иргэдийн халдвар авах эрсдэл бага байгаа учир иргэдийг дархлаа сэргээх тунд хамруулах ажлыг идэвхжүүлэхийг үүрэг болголоо.
    
Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

 
Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүртгэх, тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороодыг ажиллуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тооцдог болгох зэрэг зохицуулалтыг тусгасан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрх хэвээр хадгалагдаж, эрх ашиг нь зөрчигдөхгүй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно. Харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөгийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлэх,  ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэх, даатгуулагчийг ажлын байранд нь тогтвортой ажиллуулсан ажил олгогчид тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар гурван жилд тутамд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгав.
 Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг тухайн сангийн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас багагүй байхаар,  тэтгэвэр авагчид протез, ортопедын жишиг үнийг гурван жил тутамд 100 хувиар даатгалын сангаас олгохоор, үйлдвэрлэлийн осол гаргаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг тусгалаа.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2022 оны төсвийн тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.     
·      Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл сонссон байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар тус хуулийн төслийг танилцуулахаар боллоо.
·      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт “Үхрийн арьс товруутах өвчин” шинээр оношлогдсонтой холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад “Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмлээ. Үхрийн арьс товруутах өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан, өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.
·      Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.  

-     Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулав. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн төрөл, чиглэлийг дахин судалж, зарим үйл ажиллагааг зөвшөөрөлгүй болгох, цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор эрх зүйн орчныг өөрчлөх ажлын хүрээнд Засгийн газрын байгууллагуудаас олгож буй тусгай зөвшөөрөл, эрх, лиценз, бүртгэлийн нэгдсэн судалгааг гаргаж дуусчээ.


 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар