МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн онцлох эшлэлүүд

Улс төрийн намуудын өнөөгийн байдлыг өөрчлөхгүйгээр цааш явахад хэцүү боллоо.Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэгтэй намууд маань өөрсдөө хөгжлийн дөнгө болчихоод байна.

Амжилт, алдаа аль аль нь Монголын ч, МАН-ын ч түүх. Коминтерний шууд оролцоо заавраар өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгийг Монголын ард түмэн амссан. МАН ч олон мянган гишүүнээ хэлмэгдүүлэлтэд алдсан.Түүхийн энэ гашуун алдааг таслан зогсоож чадаагүй, хүчин мөхөсдсөнийхөө төлөө манай намын үе үеийн удирдлага ард түмнээсээ, хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хойчоос уучлал гуйж байсан.

Эхлээд намууд дотооддоо шинэчлэгдээд, дараа нь хамтын ажиллагаандаа ч шинэ салхи оруулах хэрэгтэй юм шиг. Тухайлбал, намууд хамтарч ажиллана гэхээр л хуйвалддаг, наймаалцдаг гэсэн ойлголт нийгэмд тогтсон байна. Улстөрчид нь ч хамтаръя, уулзъя, ярилцъя гэхээрээ нэг иймэрхүү сэтгэлгээтэй л орж ирэх. Тиймээс эхлээд энэ хандлагаа өөрчилье, “Намууд хамтран ажиллана гэдэг бол эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх юм шүү” л гэж хэлээд,  уриалаад байгаа юм

 

МАН-ыг хаалттай, удаан, ил тод биш гэж олон нийт шүүмжилдэг. Үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ухаалаг, хурдтай  болохоос л эхэлнэ дээ.  Наад зах нь намын төв байр буюу Тусгаар тогтнолын ордон зөвхөн сонгуулиар биш байнга л намын гишүүд дэмжигчид, иргэд олон нийт бужигнаж байдаг газар болно. Залуучууд орж гардаг, нэг давхарт нь суугаад уулзаж ярилцдаг, хичээл номоо ч хийдэг тийм орчныг бүрдүүлье гэж бодож байна

Нэг  Монгол  байдаг гэдэг шиг нэг л "Эрдэнэт"  бий. Стандарт банктай холбоотой асуудал дээр ч, 49 хувийг авсан асуудал дээр ч хууль бус зүйл  болжээ л гэж би харж байгаа. 49 хувийг Монголд авчирсан нь сайн. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нэг хүнд өөрийнхөө дүрмийн сангаас ч хэтэрсэн хэмжээний зээл олгосноос эхлээд авах процестоо хууль зөрчсөн, илт луйврын шинжтэй өч төчнөөн асуудал бий. Тэр бүгдийг шалгаж тогтоогоод, хуулийн дагуу шийдээд явах нь л зөв

Монголын ирээдүйг авч явах шинэ сонгогчид, залуу үе маань юуг хүсэн хүлээж байна. Тэдний маань үнэт зүйл, хандлага юу байна гэдгийг бид судалж хөгжлийн бодлогодоо тусгах хэрэгтэй.

 

МАН-ын хувьд өнөө маргаашийн ашиг хонжоо, сонгуулийг баримжаалсан бус судалгаанд суурилсан, алсын хараатай, ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ. 

 

МАН бодлого боловсруулах чадвараа сайжруулахын тулд гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, намын судалгаа шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, технологийн амжилтыг намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна.

Ардын нам Монгол Улсын ууган нам. Бас эрх барьж буй нам. Тиймээс илүү хариуцлагатай, илүү ёс зүйтэй байж,  бусад намд сайны манлайлал болох ёстой.

 

МАН XXI зууны нээлттэй, ухаалаг, бодлогын нам болно гэж зорьж байгаа. Улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ өрсөлддөг, тэндээ тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг, олныг татдаг жишиг рүү явъя. Түүнээс биш либераль бодлоготой нам гэж зарлачихаад олон нийтийг татахын тулд суурь зарчмаасаа тэс өөр амлалт өгөөд явж болохгүй