Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлагад нийцэхгүй, нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил болон НОСК, Нийслэлийн Засаг даргын орлогч тэргүүтэй албаныхан цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ыг гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах тал дээр түлхүү ажиллаж байгаа.
100 айл орчмын ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч буй өрхүүдэд онцгой анхаарал тавихгүй бол нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа хөл хорионы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаах ариун цэврийн байгууламж руугаа гарах асуудалтай байна гэсэн гомдол тасралтгүй ирж байна” хэмээн онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “100 айл орчмын зарим орон сууцнуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх хязгаарлагдаж байна. Иймд яаралтай гарц гаргалгаа олох хэрэгтэй. Өнгөрсөн 10 дугаар сард УИХ даргатай хамт газар дээр нь очиж ажилласан” гэв.
Иргэдийн төлөөлөл н.Туяа “Иргэдийн хувьд яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж буй хоёр асуудал байна.
Нэгдүгээрт, 100 айл орчмын нийтийн орон сууцны дахин төлөвлөлтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Төсөл зарлагдсанаас хойш нийтдээ 15 удаагийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан боловч ямар ч компани оролцсонгүй.
Хоёрдугаарт, маш хүнд нөхцөлд амьдарч буй нийт 320 орчим өрх бий. Тэднээс хөгжлиийн бэрхшээлтэй иргэдийг нэ яаралтай түрээсийн орон сууцанд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
НХБХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тулга “Сүхбаатар дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй долоон барилга бий. Нийтдээ 1,6 орчим га талбайг хамарсан. 372 өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.
Би хэд хэдэн статистик танилцуулъя. Нийслэлийн хэмжээнд 1970 оноос өмнө баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 780 орон сууцны барилга байгаа. Үүний 344 барилга дээр НМХГ-ын ашиглахыг хориглосон шийдвэр гарснаас 170 барилга дээр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ингээд тендер зарлагдахад 92 барилга дээр төсөл хэрэгжүүлэгч шалгараад 15 барилга нь шинэчлэгдсэн.
Харин 100 айл орчмын ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудын хувьд олон жил яригдаж, 15 удаа сонгон шалгаруулалт явагдсан боловч төсөл хэрэгжүүлэгч орж ирээгүй. Нийслэлээс батлагдсан төсвийн хувьд 717 өрхийн 8 блок барилга баригдахаар тусгагдсан бөгөөд нийтдээ 88 тэрбум 879 сая төгрөгийн өртөгтэй байгаа.
Иймд иргэдийн эрүүл аюулгүй, орчин нөхцөлд амьдрах эрхийг хангаж өгөхийн тулд төр оролцох шаардлага үүсч байгаа юм.
8 блок барилгаас ядаж 5 блок барилга барихад 426 өрхийн асуудал шийдэгдэнэ. Үлдсэн иргэдийг нь түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах боломжтой болно” гэсэнэ юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Дахин төлөвлөлт хийгдэхээс гадна шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудал гарч ирж байна. Юуны өмнө гадаах тохижилт, тоглоомын талбайн асуудлыг шийдэх хэрэгтэй. Эхний ээлжинд 3 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, 12 давхар орон сууц барих ажлыг түргэвчлэх нь зүйтэй” гэсэн бол Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “100 айл орчмын орон сууцны асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн гарц гаргалгаа бий. Эхлээд газар чөлөөлөлтөд хамруулж болно. Гэхдээ тэгэхийн тулд Засгийн газраар шийдвэрлүүлэх ёстой.
Харин нийтийн орон сууцнуудыг буулгаж, нурааж чадахгүй юм бол хүчитгэх боломжийг хайх хэрэгтэй” хэмээв.
Ингээд хурлын төгсгөлд дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулахаар тогтов. Тус Ажлын хэсэгт Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гурван гишүүний Ажлын албаны гишүүд, ТОСК, НОСК-ын төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцох юм.