Герман автомашины орноос унадаг дугуйн орон болно

Өнөөдөр болж буй ХБНГУ-ын парламентын сонгуульд улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө дугуйтай холбоотой ямар заалтууд оруулсан бэ?

Герман бол Монгол улстай харьцуулахад дугуйн орон. Дунд болон жижиг хотуудад дугуйгаар ажилдаа ирж очих хүмүүс түгээмэл. Дугуйн зам, дугуйн зогсоол шийдэгдсэн, дугуйн соёлтой улс. Гэхдээ хүн амын 60 хүртэл хувь нь дугуй унадаг Финланд, Нидерланд, Дани зэрэг улстай харьцуулахад Герман дахь дугуйн хэрэглээ бага байна, цаашид нэмэгдүүлэх ёстой гэдэгт ихэнх улс төрийн намууд санал нэгддэг. Тийм учраас өнөөдөр болж байгаа Бундестагийн сонгуульд өрсөлдөж буй намууд дугуйн талаар ямар заалт оруулсныг Spiegel сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт гарсан нийтлэлийг товчлон орчууллаа.

ХАХ/ХНХ: Унадаг дугуйн үндэсний төлөвлөгөө

Өдгөө засгийн эрх барьж буй Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо (ХАХ/ХНХ)-ны мөрийн хөтөлбөрт унадаг дугуйн асуудлыг автомашинаас салгаж авч үзээгүй гэж Spiegel сэтгүүл шүүмжилж байгаа юм. "Олон хүмүүс галт тэрэг эсвэл унадаг дугуй руу шилжихийг хүсч байгаа боловч хөдөө орон нутагт автомашин эсвэл автобусаар сайн замаар явах боломжтой байхыг хүсч байна. Автомашин, цахилгаан скутер, цахилгаан унадаг дугуйны нарны эрчим хүчээр цэнэглэх сонголтуудыг Park & Ride саналд нэгтгэн оруулахыг хүсч байна" гэх мэт автомашин болон унадаг дугуйг хамтатган авч үзсээр байна. Гэсэн хэдий ч ХАХ/ХНХ “Унадаг дугуйн үндэсний төлөвлөгөө” гэдгийг санал болгож байгаа юм. Энэхүү төлөвлөгөөг Германы унадаг дугуйн клуб ADFC, Verkehrsclub Deutschland VCD зэрэг автомашин клуб ADAC, Deutsche Bahn зэрэг холбоодтой хамтран боловсруулсан байна. Уг төлөвлөгөөнд Герман улсыг унадаг дугуйн улс болгохын тулд холбооны, муж, орон нутгийн, бизнес, шинжлэх ухааны нийгэмлэгүүд юу хийх ёстойг зааж өгсөн.

ХАХ/ХНХ нь "Сайн хөгжсөн, сүлжээ сайтай дугуйн зам, дугуйн супер хурдны зам, дугуйчдын аюулгүй байдлыг хангах, машины зогсоолын сонголтыг сайжруулах" зэрэг кампанит ажил хийхээр төлөвлөж байгаа юм. Нэмж дурдахад орон нутгийн захиргаа "явган зорчигч, унадаг дугуйнд ээлтэй орон зай бий болгоход илүү анхаарах ёстой" гэж үзэж байна.

Социал демократ нам: Унадаг дугуйнд илүү орон зайг гаргаж өгнө

ХАХ/ХНХ-ны нэгэн адил Социал демократ нам (СДН) унадаг дугуйг автомашинаас салгаж чадаагүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Автобус, галт тэрэг, унадаг дугуй руу шилжиж буй иргэд улам бүр нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч машин олон хүмүүсийн хувьд чухал хэвээр байна" гэж үзсэн. СДН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дугуйн талаарх гол амлалт бол унадаг дугуйнд илүү их орон зай гаргаж өгөх ёстой гэж тунхагласан явдал. “Бид замын хөдөлгөөнийг Vision Zero гэдэг утгаараа илүү аюулгүй болгох болно. Байгаль орчинд ээлтэй автобус, галт тэрэг нийтийн тээврийн хэрэгслийг өргөжүүлж, явган зорчигч, дугуйчдад илүү их орон зай гаргах ёстой. Санхүүжилтын хөтөлбөрүүдийг үүнд чиглүүлнэ, бүх хот, ялангуяа дугуйчдад зориулан Замын хөдөлгөөний тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй” гэж Германы социал демократууд үзэж байна. Хэдий тийм боловч СДН “Унадаг дугуйн үндэсний төлөвлөгөө”-г сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дурьдсангүй.

Альтернатив нам: Унадаг дугуйн талаар нэг ч үг байхгүй

Унадаг дугуйн талаар ямар ч амлалт, үг байхгүй. Зөвхөн "Хувь хүний хөдөлгөөн боломжийн түвшинд байх ёстой" л гэсэн үг мөрийн хөтөлбөрт нь орсон. Харьцангуй хямд тээврийн хэрэгсэл болох унадаг дугуй нь сонгуулийн хөтөлбөрт байдаггүй ганц нам бол Альтернатив нам.

Чөлөөт ардчилсан нам: Дугуй бол байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл

Чөлөөт ардчилсан нам (ЧӨН)-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэр бол "Өөр хийх зүйл хэзээ ч байгаагүй" гэж байгаа ч үүнийг дугуйн спортод хэрэглэдэггүй. Эдний намын хувьд унадаг дугуй нь цаасан дээр бараг ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Гэхдээ Альтернатив намаас ялгаатай нь ЧАН унадаг дугуйг "хувь хүний хөдөлгөөнд зориулагдсан байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл" гэж хүлээн зөвшөөрдөг. Мөн замын хөдөлгөөний төлөвлөлтөд унадаг дугуйн хэрэгцээг "бүрэн харгалзан үзэхийг" тус намаас шаарддаг. Үүний тулд "хөрөнгө оруулалтын санг нэмэгдүүлж "моторт хөдөлгөөнтэй зөрчилдөхөөс зайлсхийх аюулгүй тойрог зам, дугуйн зам" бий болгох хэрэгтэй” гэж үзэж байгаа юм.

Ногоонтнууд: Герман дугуйн орон болох ёстой

Унадаг дугуйн талаар хамгийн олон тодорхой амлалт дэвшүүлж буй нам бол Ногоон нам буюу ногоонтнууд юм. Ногоонтнууд: "Унадаг дугуй нь хөдөлгөөнт шилжилт хийх асар их нөөц бололцоотой. Ийм учраас тэд автомашины улс болох Германыг унадаг дугуйн орон болгохыг хүсч байна” гэж зорилгоо томьёолсон. Үүний тулд 2030 он гэхэд Германд унадаг дугуй, явган хүний замыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хотууд, аялал жуулчлалын бүс, зорчих чиглэлүүд, тосгоноос тосгон руу холбосон шинэ дугуйн замыг бий болгоно. Хот, орон нутгийн захиргаа автомашины зогсоолыг унадаг дугуйн зогсоол болгон хувиргах нь илүү хялбар болох ёстой. Холбооны замын хөдөлгөөний маршрутын хувьд "Нидерландын загвар дээр суурилсан дугуйн зам нь одоо байгаа барилга байгууламж, барилгын ажлын явцад гол баримтлах дүрэм болно" гэж заасан. Энэ нь хот, тосгон хоорондын замуудад унадаг дугуй болон автомашины зорчих хэсэг тусдаа байна гэсэн үг юм.

Эцэст нь нэмж хэлэхэд ХБНГУ нь Монгол улсын хувьд эрх зүйн систем ижил, засаглалын хэлбэр, ардчиллын төлөвшлийн хувьд үлгэрлэн дуурайх гол орон гэж тооцогддог тул Шүүхийн тухай хууль, засаг захиргааны тухай хууль, Парламентын хяналтын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн санхүүжилтын тухай хууль гэх мэт гол хууль тогтоомжууддаа бид Германы хуулиудаас нутагшуулан нэвтрүүлж байгаа юм. Тийм учраас хүрээлэн буй орчин, замын хөдөлгөөний зохицуулалтад мөн адил Германаас үлгэр авах, Германы унадаг дугуйн энэхүү үзэл баримтлалаар цаашид бодлого хөтөлбөрүүд гарах боломжтой юм.

Орчуулсан Ц.Мөнхцэцэг