Бүх арилжааны банк тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд С.Чинзориг сайд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувьд тэтгэвэр олгодог ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг  жилийн 12 хувь болгон бууруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 10336 тэтгэвэр авагч 12,3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан байна.

Тэгвэл энэ уулзалтаар тэтгэврийн зээлийн хүүг 12 хувьд хүргэж бууруулахаар ХААН болон Төрийн банктай байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийг арилжааны бусад банкууд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Нийт тэтгэвэр авагчдын 8,0 хувь нь үйлчлүүлдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийт тэтгэвэр авагчдад  сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэврээ барьцаалан авах боломж бүрдэж байна.

 

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.