Өнөөдрийн байдлаар
- Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд,
- Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг,
- Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант,
- Өмнөговь аймгийн Манлай,
- Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр,
- Орхон аймгийн Жаргалант,
- Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэмтэй байна.
2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамрууллаа.
ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй 2,0 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан юм. Тус улсаас 2018 онд 7,1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн 500 мянган тунг хүлээн авчээ.
Эхний ээлжийн 500,0 мянган тун вакциныг энэ сарын 25-нд хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж эхэллээ. Үлдэгдэл вакциныг дөрөвдүгээр сарын 20-ны дотор хүлээн авч, шаардлагатай газруудад нь хуваарилна.
Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдгийг зогсоож, цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгыг 4-10 дугаар сард хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас төлөвлөжээ.
Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд тус тус тавдугаар сарын 1 хүртэл ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж эхэллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.