Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, захиалагчаас бусдыг илрүүлсэн.
Тус хэрэгт Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20-24 жил хорих шийдвэр гаргаад буй. Тэгвэл өнөөдөр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Б.Жавзмаа: Миний хүүг мансууруулж худал мэдүүлэг авчихаад нотлох баримт гэж байна
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Хилс хэргээр тамлагдаж зовж байгаа хүүгийнхээ төлөө яваа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болж өнгөрөөд хэдэн сар болж байна. С.Зоригийн хөнөөсөн жинхэнэ хэрэгтэнг нуун дарагдуулж, энгийн иргэдэд хэргийг хүлээлгэж, ард түмнийг төөрөгдүүлсэн эмгэнэлт шүүх хурлын жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа.
Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд их ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. Энэ хүний ярьсан хэлсэн бүхэнд худлаа, зохиомол зүйл. Хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад захиалагчтай гэдэг нэрээр гурван хүнийг яллачихаад байгаа. Ийм хуулийн заалт байдаг юм уу.
Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж ухаан санааг нь мансууруулж, худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. Гэрчийн мэдүүлэг авсан гэж хэлж байгаа ч үнэн хэрэгтээ тэр гэрчүүд нь хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй байна. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хэвлэлд мэдээлэлд яриа өгвөл торгоно гэсэн байна.
14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа боловч өнөөдрийг хүртэл ил болгосон зүйл алга. Харин ч өөрсдийнхөө хуйвалдааныг нууцын зэрэглэлд оруулаад байна. Нууцын нэрээр аваад үлдлээ гээд байгаа юмнууд нь өөрсдийх нь хуйвалдааны асуудлууд байгаа. Энийг бол би Ц.Элбэгдорж, Хурц болон хуулийн байгууллагуудын хуйвалдаан гэдгийг ард түмэнд сонордуулмаар байна. Миний хүүг тамлан зовоож, хорих газарт нас барах юм бол би хуулийн байгууллагаас хүүгийнхээ амийг нэхнэ" гэлээ.
Т.Хүрэлбат: Амгаланбаатарын амаар энэ хэрэг цааш явж байна
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Хэрэгтэн гэж тасалж, шоронд хийсэн юм бол яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв зүйл ярьж, нэвтрүүлэг хийж сандарч гүйгээд байгаа юм бэ. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд нотлогдсон баримттай гэж хэлээд, огт үндэслэлгүй зүйлүүдийг ярьж байна.
Түүний яриад байгаа зүйлүүдэд үзүүлэх баримт байхгүй. 20 жилийн өмнө байрны гадаа сууж байсан хоёр, гурван авгай гэрчлээд байгаа юм. Туршлагаас үзэхэд 20 жил нэг ангид суусан хүмүүс ч дараа нь нэгнийхээ таниахад хэцүү байдаг. Булган гэдэг эмэгтэйг гэрчээр оруулахгүй байж, байрны гадаа сууж байсан хүмүүсийг шүүх хурал дээр гэрчээр оруулаад тэрийг нотолгоо гээд байгаа юм. Булган гэдэг хүнийг гэрч биш гээд байгаа юм. Булганыг гэрч биш гэчихээд ам зураг зуруулсан. Эрэгтэй нь намхан эмэгтэй нь өндөр гэсэн. Гэтэл одоогийн нөхцөл байдал дээр манай дүү Чимгээ Содномдаржаагаас намхан. Гэрч биш хүнээр ам зураг гаруулж болдог юм уу. Ийм ямар хуулийн заалт байдаг юм бэ.
... Гүйцэтгэгчийг олсон юм чинь захиалагчийг олно. Энэ дотор байгаа. Тэгэхээр одоо манай хэдэн гэр бүл дундаас дахиад хоёр хүнийг захиалагчаар барина гэнэ.
Прокурорынхны ярьж байгаагаар Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нарыг нэг нутаг усныхан, найзууд гэсэн байгаа юм. Нэг нутаг ус гэдэг нь үнэн гэхдээ Амгаланбаатар, Содномдаржаа нарын насны зөрүү найм. Түүнчлэн прокурорынхны хийсэн кинон дээр 1998 онд татгалзах аргагүй мөнгөний санал тавиад, Амгаланбаатар үе үе их мөнгөтэй явдаг болсон. Тэрийгээ захиалагчтай уулзаж авсан гэдэг утгатай зүйл ярьсан байгаа. Тэгвэл Амгаланбаатар захиалагчийг мэддэг юм байна. Тэгвэл яагаад энэ хүнээр захиалагчын тухай яриулаагүй юм бэ. Хоёрдугаарт, Энэ хүн үе үе их мөнгөтэй явдаг байсан бол настай хөгшин ээжийгээ гэрээсээ хөөгөөд гэрээ зараад, таксины жолоочийг дээрэмдээд явж байх юм бэ.
Шүүх прокурорын явуулж байгаа энэ үйл ажиллагаа эргэлзээтэй байна. Тэгвэл энэ С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг ил болгох хэрэгтэй шүү дээ. Прокуроруудаас ярьж байгаа зүйл нь бүгд хоорондоо зөрөөтэй байна. Амгаланбаатар гэдэг хүний амаар энэ хэрэг цааш явж байна. Тэгвэл энэ хэргийг ил болгочих, энэ баримт нотолгоо чинь баримтгүй байна." хэмээн ярилаа.
Мөн тэрээр тэд цаашид энэ хэргийг ил болготол явна гэдгээ мэдэгдлээ.