Шилийн Богд руу зорчигчдод зориулан сэрэмжлүүлэг гаргажээ

Сүх­баатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханд мөргөх, хийморь сэргээх, шинийн 8-ны нарыг харахаар зорих аялагчдын тоо шинийн 15 хүртэл эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан орон нутгийн холбогдох байгуул­лагуудаас  сэрэмжлүүлэг гаргасан байна.


Сэрэмжлүүлэгт Шилийн Богд руу дамжин явах гол зам болдог Асгат сумын нутгаар цас их орж зам даваа хаагдсан байгааг сануулжээ. Мөн автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулсан байна. 


Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийл­гэн зорчих боломжтойг онцолсон байна. Сануулахад, Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ.