Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр “Gangneung Ice Arena”-д амжилттай болж өнгөрлөө. Үзэгчдийн таамаглаж байсанчлан ОХУ-ын Е.Медведева, А.Згитова нарын хооронд гол өрсөлдөөн болж, хоёр дэлхийн дээд амжилтыг эвдсэн гайхамшигтай үзүүлбэрийг толилууллаа.
Эхэлж талбайд гарсан Е.Медведева хэдхэн хоногийн өмнө багийн тэмцээний үеэр авч дэлхийн дээд амжилт тогтоосон 81.06 онооныхоо босгыг 81.61 болгож ахиулсан. Өөр үед бол бараг л асуудлыг шийдсэн гахалтай үзүүлбэрийг тэр хийсэн. Учир нь, энэ үед ард нь явж байсан Японы тамирчин 75 оноотой байсан юм. Гэтэл дараа нь талбайд гарсан татар охин Алина Загитова өөрийн үзүүлбэрээ гайхамшигтай гүйцэтгэж, 82.95 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоочих нь тэр. Шүүгч нар А.Загитовагийн техникийн гүйцэтгэлд 45.30 оноо заасан нь Е.Медведеваг гүйцэх гол түлхүүр болж өгчээ. Угсраа гурав эргэлт дээр А.Загитова Лутц, Лүүпийг гүйцэтгэн 13.71 оноо авсан бол Е.Медведева Флип, Тулупыг гүйцэтгэн 11.96 оноо авсан нь оноогоор хоцрох гол шалтгаан болсон. Түүнээс биш артичтик буюу уран сайхны чанараараа Е.Медведева илүү оноо авсан юм. Эцсийн дүндээ А.Загитова 82.95 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоон тэргүүлж, Е.Медведева 81.61 оноогоор хоёрт бичигдлээ. Гуравдугаарт яваа Канадын Кэтлин Осмонд 78.87 оноотой яваа тулд аваргын төлөөх өрсөлдөөн энэ хоёр тамирчны хооронд л өрнөх нь тодорхой болоод байна.