Ц.Даваасүрэн: “Оюутолгой” компани эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангах ёстой

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тавантолгойн цахилгаан станцын төслийн гэрээг цуцалсан гэдэг нь ташаа мэдээлэл гэлээ. Засгийн газар 2014 онд “Оюутолгой” компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах санал хүргүүлсэнтэй холбогдуулан салбарын сайд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  энэ талаар “2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Оюутолгой компани дөрвөн жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан. Үүнд, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм.


“Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. 


Тухайн үeийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14 нд байгуулсан “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлээгүй энэ гэрээг байгуулсан. Ингэснээр “Оюутолгой” компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, жилд 160 сая ам доллар зарцуулж байсан. Тиймээс Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналаа Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн” гэлээ.

Дээрх гэрээг цуцалснаар 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюутолгой” компани эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэх шаардлага үүсчээ.