Өвлийн Олимпийн нээлт өнөөдөр болно

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагаас олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.  

2011 оны долдугаар сарын 6-нд ӨАБНУ-ын Дурбан хотод болсон Олон улсын олимпийн хорооны 123-р чуулганаар 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгосон юм. Энэхүү өрсөлдөөнд Германы Мюнхэн, Францын Аннеси болон БНСУ-ын Пёнчан хотууд өрсөлдсөн билээ. Эцсийн дүн гарахад Пёнчан хот 63 оноогоор илүүрхсэн бол Мюнхэн 25, Аннеси 7 санал авсан. Өмнөх XXI, XXII наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Ванкувер, Сочи хотуудад 3-4 саналаар ялагдаж хариугаа хатуухан авсан Пёнчан хот өнөөдөр дэлхийн анхаарлын төвд орж байна.

Өнөөдрөөс эхлэн 17 хоногийн турш 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 102 багц алтан медалийн төлөө өрсөлдөнө. Энэ нь “Ванкувер 2010”-д 82 орны 2633, “Сочи 2014” наадмын 88 орны 2858 тамирчин оролцсон амжилтыг ахиулсан юм.

Мөн олимпийн наадмын өмнө болсон хэлцэлүүд Өмнөд болон Хойд Солонгосын харилцааг сайжруулахад дөхөм болохоос гадна хоёр орны хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ баг хамтран олимпод орж байна. Үүнээс гадна допингийн асуудлаас болж, Оросын тамирчид Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцох бол шинээр анх удаа цагаан олимпод өрсөлдөх орны тоо ч нэмэгдсэн гээд энэ удаагийн өвлийн олимп дуулгах хачир олонтой. Энэ мэтчилэн уралдаан тэмцээнээс илүүтэй олон дуулиан дагуулсан Пёнчаны наадам өнөөдөр хөшгөө нээхэд бэлэн болжээ.

Өчигдөр шинээр олимпийн төрөлд хөтөлбөрт багтсан кёрлингийн холимог хосын тоглолтууд эхэлж, олимпийн наадмын өрсөлдөөнийг эхлүүлсэн бол өнөөдөр гурван төрлийн уралдааны урьдчилсан тоглолтууд болно. Тодруулбал, кёрлингийн холимог багийн III тойргийн тоглолт болж, уран гулгалтын багийн төрлийн богино үзүүлбэр болон цанын фристайл харайлтын төрлүүд явагдана.

Тэртээ 1988 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан БНСУ-ын ард түмэн 30 жилийн дараа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн боллоо. Олимпийн наадмын нээлтийн энэ өдөр дараах төрлийн тэмцээн явагдах бөгөөд уг хуваарийг хүргэж байна.

ХУВААРЬ: (2018.02.09)

Кёрлингийн холимог багийн III тойрог

  • 07:35 мин. БНСУ – Норвеги
  • 07:35 мин. АНУ – Швейцар
  • 07:35 мин. БНХАУ – Канад
  • 07:35 мин. Оросын олимпийн баг – Финланд

Уран гулгалт

  • 09:00 мин. Багийн эрэгтэй богино үзүүлбэр
  • 10:45 мин. Багийн хосын богино үзүүлбэр

Цанын фристайл

  • 09:00 мин. Эмэгтэй могул төрлийн урьдчилсан шат
  • 10:45 мин. Эрэгтэй могул төрлийн урьдчилсан шат

Кёрлингийн холимог багийн IV тойрог

  • 12:35 мин. Канад – Финланд
  • 12:35 мин. БНХАУ – Оросын олимпийн баг
  • 12:35 мин. АНУ – БНСУ
  • 12:35 мин. Швейцарь – Норвеги